Эрүүл мэнд

Д.Ганцэцэг: Өсвөр насныхны дунд бэлгийн замаар дамжих халдвар их байна

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэгтэй өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсрол ямар түвшинд байгаа талаар ярилцлаа.

-Бэлгийн замын халдварт өвчин өсвөр насныхны дунд өсөх хандлагатай байна. Сүүлд хийсэн судалгаагаар ямар үр дүн гарсан бол?
-Нийт халдварт өвчний тархалтын гуравдугаарт бэлгийн замын халдварт өвчин орсон. Насны ангиллаар нь үзвэл 15-24 насныхан 42 хувийг эзэлж буй. Эзлэх хувь өндөр байгаа нь асуудал. ХДХВ буюу ДОХ 15-19 насны хүүхдэд илэрсэн тохиолдол 14 бүртгэгдсэн. Өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсрол, тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол дутмаг байгаа нь үүнээс харагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээл оруулах ёстой гэсэн байр суурьт ЭМЯ бат зогсож ирсэн.

Тиймээс ч ДЭМБ-тай хамтран цэцэрлэгийн насны хүүхэд хэрхэн шүдээ угаахаас авахуулаад бага, дунд, ахлах ангид ямар хичээл орох талаар материал бэлтгэж, БСШУСЯ-нд хүлээлгэн өгсөн. НҮБ-ын Хүн амын сантай хамтарч нөхөн үржихүйн 29 кабинет ажиллуулж байна. 15-19 насны залуус багшаасаа асууж чадахгүй, ээж, аавдаа хэлж чадахгүй зүйлийнхээ талаар тухайн кабинетээс зөвлөгөө авах боломжтой. Мөн 1078 үе тэнгийн сургагч багш бэлдсэн.

-Халдвар өсөөд буйн шалтгаан юу вэ. Бууруулах чиглэлээр ямар ажил хийв?
-Саяхан МСҮТ-үүдэд сургалт зохион байгуулсан. 40 настай хүн 15 настай хүүхэдтэй нэг ангид зэрэгцээд сурдаг юм байна. Энэ утгаараа МСҮТ-д бэлгийн замаар дамжих халдвар тархах эрсдэл байдаг. Тиймээс 50 МСҮТ-д ажиллаж, оюутнуудад мэдээлэл өгсөн. Мөн 50 сургуульд сургалт явуулсан. Өсвөр насныханд мэдээлэл хаалттай байна. Охид бие биетэйгээ энэ тухай ярихаас биш, томчуудад хэлдэггүй. Тиймээс тэдэнд боловсрол олгож, зөв мэдээлэл хүргэх шаардлагатай.

Өсвөр үеийнхэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголтыг хаанаас авдаг вэ гэх судалгаа явуулахад 68.3 хувь нь найз нөхдөөсөө, сургуулиасаа авдаг гэж хариулсан. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагаас гадна эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдээ хаагуур явдаг, хэнтэй уулздаг талаар нь асууж, анхаарах ёстой. Гэхдээ эрүүл мэндийн боловсролыг албан ёсны хичээлд оруулбал үр дүнтэй гэдгийг олон улсын байгууллага зөвлөж буй.

-12, 13 насандаа жирэмсэлдэг, үр хөндөх тохиолдол буурахгүй байна. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?
-2017 онд 18 316 хүн үр хөндүүлсэн. Үүний 2448 нь 20-иос доош насныхан. Өсвөр насны хүүхэд жирэмсэлбэл хүүхдээ төрүүлж чадахгүй, магадлал бага, үр хөндөлт хийх болно. Эрүүл мэндийн боловсролгүйгээсээ болоод бэлгийн харилцаанд хэзээ орох, орсон тохиолдолд өөрийгөө яаж хамгаалахаа өсвөр үеийнхэн мэдэхгүй байна. Эрүүл мэндийн яам албан болон албан бус боловсролыг өсвөр насныханд олгохоор тодорхой ажлууд хийдэг.

Гэр бүл төлөвлөлтийн судалгаа хийхэд үүнд оролцогчдын 36.4 хувь нь жирэмслэхийг хүсээгүй буюу жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл авах мөнгөгүй 15-19 насныхан байсан. Мэдээлэл байхгүй учраас тэр. Жирэмслэхээс хамгаалах эм хэдэн төгрөг байвал хэрэгцээгээ 100 хувь хангах вэ гэдгийг судлахад жилд 450 сая төгрөгийг төсөвт суулгах шаардлага гарсан. Энэ жил улсын төсвөөс 150 сая төгрөгөөр эм бэлдмэл авч, өрхийн эрүүл мэндийн төвд тараасан. Мөн өндөр үнэтэй дааврын эмүүд эмийн сангуудад хөнгөлөлттэй үнээр зарагддаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close