Нийгэм

“Даяар Монгол”, “Хас Монгол”-ынхон Туулын бургасанд компаний захирлыг РЕКЕТЛЭЖ 200 сая төгрөг нэхжээ

Өнгөрсөн долоо хоногт шоронгоос суллагдсан Хонхэрээдийн Б.Энхбат  “Намайг эзгүй хойгуур манай залуус гурван том бүлэг болж, миний ажлыг үргэлжлүүлж байсан. Хамаг Монгол, Даяар Монгол, Хөх Монгол гэсэн гурван бүлэг нэгдэж, Монголын үндэсний үзлийг, Монгол хүмүүсийг, улсынхаа нэр хүндийг хамгаалахын төлөө тэмцэхээс өөр аргагүй боллоо” гэж мэдэгдсэн шуугиан тарьжээ. Түүний эзгүй хойгуур хөдөлгөөний залуус нь нэлээд бужигнуулснаас зарим нь “Эс Би Эйч Би” компаний захирлыг Туул голын бургасанд аваачиж хүч хэргэлэхээр заналхийлэн 2 сая төгрөг өгөхийг шаардаж далайлган сүрдүүлж авсан рекетийн хэрэгт холбогдсон. Энэ хэрэгт “Даяар Монгол”-ын тэргүүн Б.Б, “Хас Монгол”-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Л нарын залуус оролцжээ. Тэдэнд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт зураг төсөв, хяналтын хэлтэст усны инженерээр ажиллаж байсан Н.Г, уг газрын Дотоод аудит хяналт шалгалтын экс мэргэжилтэн Н.О нарыг захилага өгсөн гэж үзжээ. Хэрэг явдлыг эхнээс нь өгүүлэхэд 2014 оны 4-р сард НХААГ-аас 15 усны машин нийлүүлэх 1,8 тэрбумын өртөгтэй “Ус сувгын удирдах газрын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн ажил” гэсэн тендер зарлагджээ. Энэ тендерт “Хюньдай Моторс Монголиа” болон “Эс Би Эйч Би-Дашрын хүрээ” компаний түншлэл оролцжээ. Экс аудитчны мэдүүлснээр түншлэлийнхэн тендерийн бичиг баримт материал хүлээн авч дуусах хугацаанаас 5 минутаар хоцорч ирээд материал аваач гэж гуйхад нь журам зөрчиж авчээ. Ингэж  Эрдэнэбулганы компанид нэг удаа тусалжээ. Гэхдээ өмнө нь нийслэлийн Агаарын чанарын албаны захиргаа удирдлагын газрын дарга Ц уулзаад энэ компанийг дэмжиж өгөхийг гуйсан байжээ.  Тендер явагдаж байх хугацаанд дарга ахин залгаж тэд хэдэнтээ уулзаж дотно танилцахад дарга захирал хоёр ялуулж өгвөл үнийн дүнгийн 2 хувийг өгье гэж санал тавьсан гэнэ. 1,8 тэрбумын энэ тендерт “Эс Би Эйч Би” ялж  харин ялагдсан “Хюньдай Моторс Монголиа” шүүхдсэн ч  амжилт олсонгүй.  Энэ хэрэгт инженер Н.Г төлөөлж оролцон ялалт байгуулсанд хамт ажилладаг Ч.О  гэдэг ах нь мөн л “Эс Би Эйч Би”-гийхэн манай хуурай дүү нар байгаа юм, чамайг шагнана хэмээн хэлжээ.  Тендерийн ажиллагаа “хуулийн дагуу” явагдаж “Эс Би Эйч Би” шалгарсан тул  шалгарсан компанитай гэрээ хийх зөвлөмжийг Нийслэлийн Захирагчийн алба руу хүргүүлжээ. Үүний дараа аудитч болон инженер нар амласан мөнгөө өгөхийг нь хүлээн чих тавьж суужээ. Аудитч захиралтай утсаар ярьж “би та нарыг тухайн үед туслаж дэмжээд материалыг чинь хоцорчихсон байхад тендерт оролцуулж байсан тул  боломжоороо сэтгэл гаргаад хэдэн төгрөг өгвөл өгөөрэй” гэжээ. Инженер ч Ч.О ах руугаа ярьж сануулж байсан гэнэ. Гэсэн ч  “Эс Би Эйч Би”-гийн захирал амласан шагналаа өгөөгүй агаад тендерийн дагуу усны машин нийлүүлсэн ч ашиг гараагүй хэмээн өөдөөс нь баахан зовлон тоочжээ.  Энэ үед аудитч, инженер хоёр ч ажлаасаа халагдаж компанийхан тэднийг мартсан бол харин гомдогсод мартаагүй байжээ. Тэд асуудлыг “шийдэх” хүн хайж явсаар “Даяар Монгол”, “Хас Монгол”-ынхонтой холбогджээ. Хөдөлгөөнийхөн ч тэр үед гэр хорооллын ядуу өрхүүдэд нүүрс түлээ тараах ээлжит тусламжийн ажлаа хийх гээд мөнгөний шаардлагатай байсан гэнэ. Тэд “хятадуудтай нийлж луйвар хийж сурсан Э гэдэг захирал 1,8 тэрбумын тендерт ялуулсны шагналын 10 хувь болох 200 сая төгрөгөө өгөхгүй байна, хэрвээ энэ мөнгийг авч өгвөл 20 саяыг нь Даяар Монгол хөдөлгөөнд хандивлана гэсэн санал ирсэн” гэж  мэдүүлсэн. Шагнал өгөх тухай тохироо хийгдсэн болохыг баталсан бичлэг, гэрээ ч үзүүлсэн гэнэ. Мөн Э захирал нь амласан шагналаа өгөхгүй мөртлөө тендерийн мөнгөөр найз нараа амралтанд авч явсан, гэртээ 5-6 саяар цахилгаан бараа авч тансагласан гэх мэдээлэл нэмж өгчээ.

Ингээд “Даяар Монгол”, “Хас Монгол”-ынхон “Эс Би Эйч Би”-гийн захиралтай очиж уулзахаар Хан-Уул дүүргийн “Гэгээнтэн” цогцолбор дах ажил дээр нь борлуулж байгаа барааг нь үзэх нэрээр очжээ. Ингээд зарж байгаа авто машины соланы бүтээлгээс нь  20 гаран ширхэгийг худалдаж авахаар болж Ногоон төгөл хотхон луу хамт явахаар тохиролцжээ. Захирал бараагаа аван машинд нь сууж хөдөлжээ. “Гэгээнтэн” цогболбороос гарахад нь араас нь хар өнгийн “Хаймер Н-2” маркийн машин дагасан байна. Улмаар гүйцэж түрүүлэхэд машины хойд шилэн дээр хас тэмдэгтэй “Даяар Монгол хөдөлгөөн” гэсэн наалт наалттай байгаа нь харагджээ. Ингээд Туулын бургас руу орж зогсоход машинаас  нь суга татан гаргаж “Хаймер”-д суулгахад  хойд суудал дээр 40-45 орчим насны, жолооны ард 35 орчим насны залуу байжээ. Учрыг асуухад Баатараа гэх хүн “чамд тайлбарлах шаардлага байхгүй. Бид нар авах ёстой юмаа авч байж салдаг хүмүүс” гээд “ та нар улсын мөнгө идэж баяжсан хүмүүс,    танай Эс Би Эйч Би  компани  2014 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт оролцож тендерийг авахад чинь бид нарын нөлөө орж та нар ялж тендерийг авсан,  О гэдэг нэртэй хүнийг санаж байна уу, тэр бидэнд 200 сая төгрөгний өртэй, энэ мөнгөний тал нь Даяар Монголын санхүүжилтэнд зарцуулагдах ёстой” гэж тулгажээ. Компаний дансын дугаарыг нь хэлүүлж аваад Төрийн банкинд ажилладаг хүн лүүгээ утасдан асууж үлдэгдлийг нь шалгуулсан гэнэ. Ингээд “татвар, цагдаа, АТГ-д таньдаг хүмүүс байдаг, танай компанийг бүх юмаар нь шалгуулж чадна, чи 148.4-д зааснаар дээд талд 15 жилийн хорих ял авна, тэр хооронд танай эхнэр, хүүхдийг чинь манай хүмүүс сайхан халамжлана, олон жил шоронгоор явсан хүмүүс ямар ч хүүхний толгойг эргүүлдэг юм шүү”  гэж дарамтлаад халзан толгойтой, толгойдоо шивээстэй залуу нь төмөр бороохой шиг зүйлээр хоёр гуя, зүүн гарын бугалага  рүү нь цохиж “чамайг гэмтээж насаараа хүний гар харж амьдардаг болгоно” гэж айлгажээ. Айсан захирал мөнгөний хэмжээг багасгаад хугацаа өгөхийг гуйхад өнөөдрийн дотор 20 сая төгрөг өг гэж тулгажээ. Гар утсыг нь авч хадгалсан утасны дугаарууд, зураг, бичлэг, интернэт банкны мэдээллүүдийг нь шалгаж байснаа халзан толгойтой шивээстэй залуу “эхнэр нь дажгүй юм байна” гэжээ. Захирал тендерт хөрөнгө оруулсан “Ирээдүйн энержи” компанид хулхидуулаад мөнгөө авч чадахгүй байгаагаа хэлж дансанд байгаа 2,5 сая төгрөгөө өгье гэжээ. Тэд бургаснаас гарч Дүнжингарав худалдааны төвийн АТМ-аас нийт 2 сая төгрөгийг авч бэлнээр өгчээ. Тэндээсээ хөдөлж “Улаанбаатар Сити” зочид буудлын хойд талд очиж бичгийн цаасан дээр “Миний бие Эрдэнэбулган нь Даяар Монгол хөдөлгөөнд 18 сая төгрөгний өртэй, 2016.10.15-ний дотор төлнө энэ хугацаандаа төлж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ” гэж бичүүлж гэрийн хаяг болон утасны дугаар, нэр бичүүлж жолооны үнэмлэхийн хамт авч буудлын подвалдьд байрлах нотариатаар батлуулах гэсэн боловч азаар нотариатч нь байхгүй байж таарчээ.  Нэгэнт нотариатч байхгүй тул маргааш уулзахаар тохирч захирлыг Гэгээнтэн цогцолборын хажууд буулгаад явсан байна. Харин захирал цагдаад хандаж “Даяар Монгол”-ынхныг бариулжээ.

Эх сурвалж: Нууц.мн

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close