Дэлхий дахинд

2017 онд Дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлууд

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛЬД ТРАМП ТАНГАРАГАА ӨРГӨЛӨӨ

2017 оны 1 сарын 20ны өдөр АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп тангарагаа өргөлөө. “Нэгдүгээрт АНУ” уриатай ажлаа эхэлсэн 70 настай тэрбумтан Трампын эхний 11 сар гэнэтийн жиргээ, олон улсын тогтоол, хамтын ажиллагаануудаас нэрээ татаж (Транс Атлантикийн олон улсын худалдааны гэрээ, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээ, Юнеско), болон Иерусалим хотыг Израйлийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсөн зэрэг онцгой үйл явдлуудаар дүүрэн байлаа.

 ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН 19-Р ИХ ХУРЛААР ШИ ЖИНЬПИНИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА СУНГАГДЛАА

Энэ оны 10 дугаар сарын 18-24-нд Бээжин хотноо болсон БНХАУ-ын эрх баригч Хятадын коммунист намын таван жил тутмын ээлжит их хурал буюу XIX хурлынхаа үеэр тус улсын удирдагч Ши Жиньпин “Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе” эхэлснийг зарлан тунхаглаж, орчин цагийн төгс төгөлдөр социалист гүрэн байгуулахаа мэдэгдсэн юм. Түүнийг олон улсын ажиглагчид 21-р зууны Мао Зедун гэж нэрлэсэн юм.

BREXIT -ИЙН ЭХНИЙ ХЭЛЭЛЦЭЭР АМЖИЛТТАЙ БОЛЛОО

ЕХ-оос салах санал хураалт бүх нийтийн санал асуулга явуулснаас есөн сар өнгөрлөө. Өнгөрөгч 6 сарын 8ны өдөр Британийн ерөнхий сайд Тераза Мэй Парламентээрээ хэлэлцүүлсэн ч тодорхой дэмжлэг авч чадаагүй юм. Олон сар хэлэлцсэний эцэст 12 сарын 8ны өдөр Брюссель Лондонын удирдлагууд хэлэлцэж “салалт”-ын эхний тохиролцоо амжилттай хийгдсэн юм.

ОЙРХИ ДОРНОДЫГ ШАШНЫ ЗӨРЧИЛ ХОЁР ХУВААЛАА

2017 оны 6-р сарын 5ны өдөр Саудын араб Катартай дипломат харилцаагаа тасалж буйгаа мэдэгдлээ. Тодруулж хэлбэл Ирантай ойр харилцаа “шийт” урсгалтай Катарыг терроризмыг дэмждэг гэдэг шалтгаанаар “суннит” урсгалыг дэмжигч Саудын Араб ийнхүү дипломат харилцаагаа тасалсан юм. Саудын Араб Тегераныг Йеменийн Хүтис бүлэглэлийг дэмждэг гэж үздэг юм.

БНАСАУ УСТӨРӨГЧИЙН БӨМБӨГ ТУРШЛАА

2017 оны 9-р сарын 3ны БНАСАУ өмнө туршсанаасаа илүү хүчтэй, дэлхийн түүхэнд туршиж байгаагүй устөрөгчийн бөмбөг туршсан юм. Түүнчлэн 11 сарын 29нд тив алгассан баллистик пуужин амжилттай туршсан юм. Энэ пуужин Америк тивийн аль ч цэгт хүрч чадах пуужин гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон. НҮБ-ын хурал дээр Умард Солонгосыг газрын хөрстэй тэгшилнэ гэж мэдэгдэж байсан Дональд Трамп ямар ч болзол тавилгүйгээр эхний ээлжинд хэлэлцээрийн ширээнд сууя гэдэг саналыг БНАСАУ тавиад байна.

640 МЯНГАН РОХИНГАЧУУД ДҮРВЭЛЭЭ

Мьянмарын арми лалын шашинтай үндэсний цөөнх болсон Рохингачуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулж 640 мянга гаруй хүмүүс эх орноосоо дүрвэжээ. НҮБ энэ үйл явдлыг “бүтэн нэг үндэстнийг устгах” зорилготой, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж тодорхойллоо.

РОБЕРТ МУГАБЕ ОГЦОРЛОО

11 сарын 21ны өдөр 93 настай, 37 жилийн төрийн эрх тасралтгүй барьсан Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабе огцорлоо. Түүний өөрийн намынхан болон цэргийн хүчнийхэн нь хүчээр огцруулах арга хэмжээ зохион байгуулж, эцэст Мугабе огцорно гэдгээ мэдэгдсэн юм. Түүнийг дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Эммерсон Мнангагва орлон, ерөнхийлөгчөөр томилогдлоо.

“ИСЛАМЫН УЛС” БҮЛЭГЛЭЛИЙН ХҮЧ СУЛАРЛАА

2017 оны 9 сарын 9ны өдөр Иракийн удирдлагууд тус улс Исламын улс бүлэглэлийн гарт байсан хотуудаа эргүүлэн авлаа гэж зарласан юм. Хэдий “Исламын улс” бүлэглэлийн хүч суларсан ч хэдийд ч аюул тарьж мэднэ гэсэн болгоомжлол бий.

Иракаас гадна Сири дэх Исламын улс бүлэглэлийг бүрэн дарж, 12 сард нутгийн баруун хойд хэсгийн Идлиб мужийг алан хядагчдын гараас чөлөөлсөн гэж зарласан юм. Энэ онд Исламын улс бүлэглэл Египет, Их Британи улсуудад олон хүний аминд хүрсэн хоёр халдлага үйлдсэн юм.

ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ОГЦОРЛОО

БНСУ авлига авсан болон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх хэрэгт холбогдсон хуучин Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардан жагсаал цуглаан хийж улмаар Үндсэн хуулийн шүүх нь түүнийг  энэ оны гуравдугаар сарын 10-нд албан тушаалаас нь огцруулсан юм.

С.Сэнгүм

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close