Нийгэм

35 сая төгрөгөөр 64 мкв 2 давхар яндангүй байшинтай болох боломжтой

Том шилэн цонхнуудаас бүтсэн, хоёр давхар бүхий мансардтай, орчин үеийн шийдэл дизайнтай уг байшин 35 сая төгрөгөөр бүтсэн байна.

Төслийнхөн гаднын жишгийг судалж үзээд нарны эрчмийг ашиглан яндангүй байшин хийх боломжтойг тогтоосон аж. Өөрөөр хэлбэл том том цонхны тусламжтайгаар өдрийн нарны тусгалаас гэрийн дулаанаа авахаар зохицуулжээ. 


Төслийнхний ярьж буйгаар гурван давхар шил бүхий цонхонд туссан нарны илч уг байшинг өдрийн турш хангалттай дулаан байлгах гэнэ. Тодруулбал, өдрийн цагт дулаан хэмжигч дунджаар 20 хэмийг заадаг байна.

Харин нар буух үеэс байшинд суурилуулсан цахилгааны зарцуулалт багатай хүрмэн чулуун халаагчийг залгах шаардлагатай аж. Гэр хорооллын шөнийн тарифийг хөнгөлсөн учраас цахилгаан халаагчийг залгаснаар гэр хорооллын өрхүүдэд төлбөрийн дарамт учрахгүй гэдгийг төслийнхөн амласан юм.

 

 

Байшин 64 метр кв бөгөөд иргэд өөрсдийн боломжид тааруулж түүнээс ч бага талбайтай сууц бариулах боломжтой.

 

 

Яндангүй сууц туршилтынхаа шатанд яваа бөгөөд амьдралд нийцтэй, зөв шийдэл болж чадвал утааг бууруулахад ихээхэн түлхэц болох төдийгүй гэр хорооллынхныг хямд эко сууцаар хангах боломж бүрдэнэ гэж төслийнхөн ярьж байлаа.

Мөн дээврийн буюу борооны ус тосох технологиор хийсэн учраас тухайн айл өрх байгалийн усаараа мод, хүнсний ногоогоо усалж болох аж.

 

Сонирхуулахад, утаагүй сууцыг барихад улсаас нэг ч төгрөгийн төсөв гараагүй бөгөөд сэтгэл зүрхээрээ нэгдсэн 20 гаруй компанийн хандиваар бүтжээ.

 

Доторх зохион байгуулалтыг та хүссэнээрээ өөрчлөх боломжтой

Иргэд хүссэнээрээ эко орчин бүрдүүлж болох бөгөөд нэмэлтээр нарны зай хураагуур ч суурилуулж болох юм.

Утаагүй сууцны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслөөс аваарай.

 

Түүгээр ч барахгүй боловсон бие засах газрыг шийдэж өгчээ. Гурван метрийн гүнтэй бетонон хийц бүхий бохирын худагтай учраас дүүрсэн даруйд нь  бохироо соруулах учраас хөрс бохирдоно гэх аюулгүй.

 

Бид удахгүй энэ талаарх мэдээллийг цогцоор нь та бүхэнд хүргэх болно   

Хөгжлийн хөтөч 70002555 утсаар холбогдох боломжтой.  .

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close