Нийгэм

Хүүг харзны усанд живснийг хамт тоглож байсан хүүхдүүд нь харжээ

Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар, сумын төвөөс хойд зүгт 17 км-т тус сумын харьяат, малчин Б-гийн долоон настай хүү энэ сарын 14-ний өдрийн 13:00 цагт “Булган” голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ.

Онцгой байдлын аврагчид тус өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг ’’Булган’’ гол дагуу зохион байгуулж  эхэлсэн бөгөөд хэд хоногийн турш голын мөсөн доогуур аврагчид орж эрлийн ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Мөн дөрвөн ес эхэлсэн, голын ус руу орж эрж хайхад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч эхэлсэн тул хүүгийн ар гэрийнхэн хоорондоо зөвшилцсөний эцэст эрлийн ажиллагааг өнгөрсөн амралтын өдөр зогсоохоор шийджээ.

-АР ГЭРИЙНХЭНТЭЙ НЬ ЗӨВШИЛЦСӨНИЙ ЭЦЭСТ ЭРЛИЙГ ЗОГСООЖЭЭ-

Хүү тухайн өдөр сумын төвөөс хойд зүгт 17 км-т байдаг эмээгийнхээ гэр рүү явахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг тус сумын Баянгол багийн Засаг дарга Б.Гансүх Булган сум дахь Онцгой Байдлын Хэлтэст орой 19 цагийн үед өгсөн байдаг аж. Харин эл мэдээллийг орон нутгийн өөр албаны эх сурвалж үгүйсгэж байна.

-Хүү 17 км хол байдаг эмээгийндээ очих гээд гэрээсээ гарсан гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-Эмээгийнх нь 17 км-т байсан гэж худлаа юм билээ.  Голын наана, цаана нэг их холгүйхэн байдаг байсан гэсэн.

-Тухайн үед яг юу болсон юм бол?

-Ар гэрийнхнийх нь ярьж байгаагаар хүү тухайн өдрийн 13 цагийн үед Булган голын мөсөн дээр хүүхдүүдтэй тоглож байсан юм байна. Ер нь хаа газар хүүхдүүд нийлээд мөсөн дээр тоглож, чаргаар гулгах нь энгийн үзэгдэл шүү дээ. Хүү уг нь харзны усны ойролцоо нэг их очоод байдаггүй байсан гэсэн. Гэтэл тэр өдөр юу болсон юм бүү мэд харзны усны ойролцоо очиж тоглож байгаад  хальтраад уначихсан юм шиг байна. Тэр өдөр манай суманд бага зэргийн цас ороод голын мөсөн халтиргаатай байсан юм билээ.

-Хүүг харзны усанд живсэн гэдгийг хэн харсан юм бэ?

-Хүүг харзны усанд унаж живсэн гэдгийг хамт тоглож байсан хүүхдүүд нь харж байсан учраас гэрчилж байгаа. Тэгээд аав ээж, ар гэрийнхэнд нь мэдэгдсэн юм байна. Хүү айлын гурав дахь хүүхэд юм билээ. Эцэг эхэд нь мэдээж хэцүү байгаа. Гэхдээ онцгой байдлын аврагчид олон хоног хайгаад эцэстээ эрлийн ажиллагаа хүндэрсэн учраас ар гэрийнхэнтэй нь зөвшилцөөд эрлийг зогсоолоо.

-Булган гол Хятадын хил рүү урсдаг гэсэн. Хүү арай хил гаргаад явчхаагүй байгаа?

-Булган гол маш том гол учраас урсгал нь хүчтэй, дээрээс нь энэ өвөл мөсөн бүрхүүл нь сайн бэхжиж хөлдөөгүй өвөл болсон. Булган голын урсгал хятадын хил рүү гардаг нь үнэн. Гэхдээ Хятадын хил хүртэл маш олон км газар туулна. Тэгэхээр арай ч хилээр гарч яваагүй байх.

-Эрлийн ажиллагаанд хэчнээн хүн оролцсон бэ?

-Дуудлагаар онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 38 дугаар ангийн салааны захирагч а/д Б.Батсүхээр ахлуулсан алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын дарга Ш.Ганболдоор ахлуулсан 10 албан хаагч, Цагдаагийн тасгаас дэд түрүүч Г.Сайханбилэгээр ахлуулсан таван албан хаагч, 23 албан хаагч ажилласан. Мөн Баруун бүсийн төв Онцгой байдлын газрын ЭХАА-ийн захирагч С.Даваажаргалаар ахлуулсан зургаан албан хаагч, мөн тус шүүхийн захиргааны ажилтан нар автомашинтайгаар эрлийг зохион байгуулсан. Нийт 128 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 37 цооног гаргаж усчин аврагчид усанд шумбаж эрлийг үргэлжлүүлсэн гэсэн.

-АВТОМАШИНТАЙГАА ГОЛ, НУУРЫН УСАНД ЦӨМРӨХ ТОХИОЛДОЛ
ГАРСААР БАЙНА-

Дээрх золгүй явдлаас гадна иргэд хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж автомашинтайгаа голын мөс рүү цөмөрч, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна. Сүүлийн хэдэн жишээ дурдахад:

1. Энэ сарын 9-ний өдрийн 21 цагийн орчим Ховд аймгийн Мөст сумын Давст багийн Давст хэмээх газар, “Хагийн нуур”-т дөрвөн зорчигчтой УАЗ-469 маркийн автомашин нуурын усанд живсэн бөгөөд дөрвөн зорчигч явснаас хоёр нь амиа алдсан юм.

2. Энэ сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын Буга багийн “Их хөндий” гэдэг газар тус сумын харьяат, сэтгэцийн эмгэгтэй 23 настай, иргэн О Өлгий сумын төвөөс Бугат сумын төвд гэртээ харих гэж яваад сураггүй болжээ. Харин алга болсноос тав хоногийн дараа сумын төвөөс зүүн зүгт 12 км-ээс цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

3. Энэ сарын 11-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багийн “Ширнэнгийн тохой” гэдэг газар Орхон голд Nissan Pulsar маркийн автомашин мөсөнд цөмөрсөн. Уг автомашинд иргэн А нь 8-12 насны дөрвөн хүүхдийн хамт явж байсан бөгөөд онцгой байдлын аврагчид маш шуурхай татан гаргаж, амь насыг нь аварсан билээ.

4. Энэ сарын 21-ний шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Ханх чиглэлд зорчиж явсан  фургон машин Хөвсгөл нууранд цөмөрчээ. Машинд 11 зорчигч сууж явсан бөгөөд бүгд эсэн мэнд гарч чадсан байна. Харин фургон машин нь нуурын гүнд орсон учраас татаж авах боломжгүй болжээ. Тус машин нь Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн машин бөгөөд тус сургуулийн багш нар Мөрөн хотод залуу багш нарын тэмцээнд оролцоод буцаж явсан аж.

5. Түүнчлэн энэ сарын 22-ний өглөө үүрээр Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн “Хархираа” голд есөн зорчигчтой Ланд 105 загварын автомашин мөсөнд цөмөрсөн байна. Улмаар тус аймгийн онцгой байдлынхан шуурхай очиж зорчигчдын амь насыг авран хамгаалжээ.

Б.БУРМАА

medee.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close