Зөвлөгөө

Дарвины зовнил. Хайр ба сексийн ялгаа буюу яагаад эр, эм хүйс байдаг вэ?

Ричард Давид Прехт “ХАЙР: Цэгцрээгүй сэтгэл” номоос

Далайн морь их хачирхалтай амьтан. Эр, эм далайн морьд далайн өвсөн дунд болзохоор үүрийн жингээр цугларна. Бие биеийнхээ сүүлийг ороон нэгэн хэмнэлээр уран бүжих нь сэтгэл татагдсаны илрэл. Эмэгчин далайн морь эрэгчнийхээ өмнүүр дээш, доош алгуурхан сэлснээ эрэгчнийхээ хэвлий дэх тээгч уутанцарт өндгөө шахаж орхино. Уутны амсар тэр дороо хаагдан, өндгийг хүчилтөрөгчөөр хангаж эхэлдэг. Үүнээс хойш 10-12 өдрийн дараа эрэгчин маань далайн өвс рүү гүн шумбаж, тэндээ үр удмаа төрүүлнэ.

Хүйсийн дүр солигдсон нь эволюцын хувьд онцлог. Эмэгчин нь өндгөө гаргах боловч эрэгчин нь тээдэг. Энэ нь: “Үр удмаа асрах шаардлага хэдий чинээ өндөр байна, эсрэг хүйстнээ татахад төдий чинээ их хүчин чармайлт шаардлагатай” гэсэн эволюцын биологийн дүрэмтэй харшилж байгаа юм.

Ихэнх төрөл зүйлийн амьтад моногами буюу насаараа нэг хамтрагчтай амьдардаг. Хамтрагч нь өөд болоход үлдсэн нэгнийх нь сексийн дур сонирхол буурна.

Далайн морины жишгээр бол амьтны сексийн авир хүйсээс заавал хамаардаггүй бөгөөд харин тэдний сексийн хүсэл, нөхөн үржихүй, болон үр удмаа асрахад хүлээх үүрэг нь чухал. Хүйсийн дүр нь солигдсон төрөлд панамын хорт бах мэлхий хийгээд мормон хүрэлзгэнэ мөн хамаарна. Хүний хувьд хэрэв байгалийн жамаар үржсэн тохиолдолд үр удмаа асрах хүйсийн гүйцэтгэх үүрэг нь тодорхой билээ. Үүний зэрэгцээ зохиомлоор үр суулгах, эсвэл тээгч эхэд ураг суулгах гэх мэт соёлын үүдэлтэй зохиомол үржлийн аргууд үр удмаа асрах үндсэн зарчимд өөрчлөлт оруулахгүй ч шинэ хувилбаруудыг үүсгэж байна.

Хүн төрөлхтний хүйсийн дүр хуваарилалт анхнаасаа ойлгомжтой мэт санагдавч түүний биологийн утга учрыг олоход харин тун бэрх.

Яагаад ер нь хоёр төрлийн хүйс байдаг вэ гэдэг нь өнөөг хүртэл тайлагдаагүй оньсого!

Хэрэв биологич хүн мэргэжилдээ чин үнэнчээр хариулсан бол: “Хайр яагаад байдгийг би яаж мэдэх вэ! Тэр байтугай эрэгтэй, эмэгтэй хүн яагаад байдгийг би мэдэхгүй шүү дээ!” гэх сэн. Энэ сүүлийн өгүүлбэрийн учрыг тайлаагүй байж хайрыг сексээр орлуулах хийгээд тайлбарлах нь учир дутагдалтай.

Эр, эм гэсэн ойлголтыг биологийн үүднээс үндэслэл сайтай тайлбарлаж чадаагүй л байна. Харин хэт хялбарчилсан, уран сэтгэмжит нэртэй хоёр онолыг цухас дурдъя.

  • Эрэг дагуух шигүү ургамлын онол
  • Улаан хатны онол

Юуны өмнө энэ хоёр онолын шийдвэрлэхээр зорьсон асуудал нь үлэмж хэмжээтэй гэдгийг бид ойлгох ёстой. Бидний ген бусад бодгалийнхтай адилаар ирээдүйд өөрсдийгөө үлдээх туйлын зорилго агуулдаг гэж үзвэл үржлийн явц зөвхөн нэг хүйсэд тулгуурлах болно. Үүгээр удамшлын материал 100% өвлөгдөж, үр удам нь эцэг, эхтэйгээ ижил байна. Олон амьд биет хүйсээс хамааралгүй үрждэг нь үүний нэг жишээ. Тэд ургамлын нэгэн адил хуваагдаж, нахиалж үрждэг.

1.Эрэг дагуух шигүү ургамлын онол(Tangled-Bank-Hypothese)

Хачиг, усны бөөс, сэм явдалтан, хүрд хорхой зэрэг нь секс гэж мэдэхгүй. Шөвгөр хушуут цох, саваа хэлбэрт шавж, хүний бөөс, зарим төрлийн хилэнцэт аалз, хавч, эмгэн хумс, зарим гүрвэлүүдээс гадна алхан толгойт аварга загас хүртэл сексийн оролцоогүй үрждэг. Тэд Есүс Христ хэрхэн төрсөнтэй адил партеногезээр үржинэ: Өөрөөр хэлбэл, дааврын нөлөөгөөр үр тогтсон мэт нөхцөл үүсэж, өндгөн эс хуваагдан биет организм болон хөгжинө.

Уиллиамс нарын анх гаргасан энэхүү онолын санаа нь Чарльз Дарвины нэгэн ажиглалтаас үүдэлтэй.

Суут биологич маань Лондон хотоос өмнө зүгт Даун Хауст амьдарч байлаа. Тэрбээр Даун голын эргээр зугаалахдаа “Оркис бэнк” гэх намхан толгодтой хэсгийг таашаан зогсдог байжээ. “Зүйлийн үүсэл” бүтээлдээ: “Олон төрлийн ургамал ихээр ургаж, бутанд нь шувууд донгодон, төрөл бүрийн шавж бужигнан нисэж, өт хорхой нь газраар хөглөрөх эргийн дагуух шигүү ургамлыг сонирхон ажихад тэд өөр хоорондоо хэдий ялгаатай ч харилцан шүтэлцээтэй, нарийн зохицолтой үүсэл нь бидний орчин тойронд үйлчлэх хуульд захирагдаж ирснийг бодоход тун сонирхолтой” гэжээ.

Хэрвээ амьтан бүр голын эргийн шигүү ургамал мэт амьдралд өөрийн орон зайгаа эзэмшихэд эволюцын нууц оршдог гэвэл, Триверс, Уиллиамс нарын дүгнэлтээр аль болох олон үүр зассан амьд биет удаан хугацаанд оршин тогтоно. Миний үр удам хэдий чинээ ялгаатай төрнө, төдий чинээ тэдний хүрээлэн буй орчинд дасан зохицох магадлал өндөрсөнө. Ингээд харвал, сексийн үржил давуу талтай болох нь: тэд амьдрах орчны өөрчлөлтөд хурдан зохицож, шинэ орон зайг эзэлнэ.

Хэрвээ энэ санааг үндэслэлтэй гэвэл сексийн үржил үнэхээр давуу. Харамсалтай нь, нөхцөл байдлыг хэт дэврүүн, сайхнаар дүрсэлсэн нь итгэхэд бэрхшээлтэй.

Хэрэв ямарваа амьд биет эцэг, эхээсээ хэт өөр, ялгаатай төрвөл түүнийг нэг л хувь заяа тосдог: Үхэл. Амьд биет одоо ямар байна, түүгээрээ амжилттай оршин тогтнож байгаа учир генийн өөрчлөлт аюул дагуулна. Хэвийн байдлаасаа хазайж, өөрчлөгдөх нь амжилт авчрах магадлал тун бага. Найдвартай хөзрөөр тоглохын оронд үр удмынхаа хувь заяагаар мөрий тавих хэрэг юун?

2. Улаан хатны онол(Red Queen Hypothese)

Энэ онол бидний хуучин танил Уиллиам Хамилтоноос гаралтай. Түүний тайлбар бидэнд танил санагдах нь ч гарцаагүй: Паразитууд! Энэ онолын уран яруу нэрийг тэр өөрөө биш харин Чикагогийн университетийн судлаач Лей Фан Вален  өгсөн ба Льюис Кэрроллын  “Алис: Толин дотор аялсан нь”  романаас сэдэвлэсэн гэдэг.

Номд Улаан хатан хаан Алис охинд маш философилог нэгэн хариултыг өгдөг: “Энэ нутагт чи өөрийн байрандаа үлдэхийг хүсвэл хар хурдаараа гүйх хэрэгтэй”. Хамилтон, Фан Вален  нар энэ сургаал амьд биетэд хүчинтэй гэж үзлээ. Тэдний бодлоор урт настай амьтанд хамгийн их асуудлыг паразитууд тарьдаг аж. Паразитууд асар хурдан үржиж, заримдаа бүр хэдэн сая үр удмаа төрүүлэх чадвартай.

Амьд биетүүд хэдий чинээ хоорондоо төстэй байна, паразитууд төдий чинээгээр хялбархан тээгчээ сольж, дасан зохицож, цааш амьдарна.

Хүйсгүй амьд биетүүд тэдний эсрэг яаж ч чадахгүй. Тэд өөрсдөө, түүний төрөл зүйл, дараагийн үе нь бүгд паразитад бариулна. Муугаар харвал нэг популяц нүд ирмэх зуур сөнөж алга болох нь. Харин сексээр үрждэг амьд биетэд байдал өөр. Ийм амьтдын үр төл хоорондоо ялгаатай төрдөг тул паразит үржих нөхцөл хүндэрнэ. Паразитууд өөрчлөгдсөн шинэ орчиндоо дасаж ядан байтал тээгч амьтан аль хэдийн ахин сексийн замаар үржсэнээр дайсныхаа амьдрах нөхцөлийг улам хүндрүүлнэ.

Улаан хатны онол аливаа нэгэн төрлийн оршин тогтнох эсэх нь хувирамтгай чанараас хамаарна гэж үздэг: хэн өөрийгөө өөрчилж чадна, тэр өөрөөрөө үлдэнэ.

Харин энэ хэр оновчтой үндэслэл вэ гэдэг дээр олон эсрэг санал бий. Хамгийн түрүүнд хүйсгүй, сексгүй үрждэг олон төрөл зүйлийн амьтан паразитад бариулаад дууссан зүйл алга, ямар нэг сул тал харагдалгүй өдийг хүртэл оршсоор байгааг дурдах ёстой. Үүнээс гадна хүн, халим, заан гэх мэт үржлийн цикл удаантай амьтад тээгчээ солих үеийн паразитын хурдыг яаж гүйцэж байна вэ гэдэг асуулт тавигдана. Эцэст нь үржлийн аль аль аргыг нь хослуулан хэрэгжүүлэгч амьтад яагаад ийм цөөхөн байгааг байгаль эхээс асуух ёстой болно. Дээр дурдсан комодо гүрвэлүүд зэрлэг байгальд сексээр үрждэг. Харин эрэгчин байхгүй арга барагдсан тохиолдолд, жишээлбэл амьтны хүрээлэнд үр тогтоолгүй үржиж орхино. Хэдий ховор тохиолдох ч ийм загвар хамгийн их давуу талыг авчрах бус уу?

Дээрх хоёр үржлийн онол бидний урд үзсэн, дасан зохицсон нь шалгарч үлдэнэ гэсэн онолтой адил алдаатай бодол дээр тулгуурласныг ойлговол сая тавигдсан асуултуудад хялбархан хариулна. Юу вэ гэвэл, байгаль өөрөө хамгийн төгс шийдлийг хайдаг мундаг архитекторч биш! Сексийн нөхөн үржихүй зэрэг феномен нь сул талтайгаа харьцуулахад илүү их давуу талыг агуулж буй учир үүссэн байх албагүй.

Үр удмаа асарч халамжлах чадваргүй эр хүйстэн (эсвэл эм хүйстэн, жишээ нь далайн морь) үүссэн нь зүгээр л байгалийн санамсаргүй тохиолдол байж болох бөгөөд энэ нь өөрийн төрлийг устах нөхцөлд хүргэсэнгүй.

Нөхөн үржихүйд секс зайлшгүй шаардлагатай юу гэвэл үгүй. Секс гээч нь дэлхийд ямар замаар бий болсон хийгээд мөн түүний зорилго юу вэ гэдэг нь тайлагдаагүй.

Эмгэн хумс сексээр үрждэг ч нэг биед эр, эм хосолсон манин амьтан. Эрвээхий амьдралынхаа циклд  хүйсээ өөрчилж нэг бол эр, нэг бол эм болж хувирч чадна. Зарим шавжид биологийн хувьд ямар ч хүйс заяадаггүй агаад өөрийн амьдрах орчиндоо тохируулан хүйсээ сонгодог.

Биологийн үүднээс авч үзвэл: Хүйсийн хувьд зайлшгүй шаардлагатайн улмаас эр, эм гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл, нөхөн үржихүйн төлөө хүйс байдаггүй.

Хүйсийн идентитет, секс, нөхөн үржихүй гурав нь ялгаатай ойлголтууд бөгөөд хоорондоо янз бүрээр уялдаж холбогддог. Зарчмын хувьд эрчүүд эмэгтэйгээ таалах, эсвэл эсрэгээрээ байж болох ч заавал тийм байх албагүй. Мөн секс нь нөхөн үржихүйд үйлчилдэг байж болох ч мөн үгүй ч байх магадлал бий. Зарчмын хувьд хүйс хоорондын харьцаанаас дурлал, эсвэл хайр үүсэж болох. Энэ бол зайлшгүй гэсэн үг биш. Эрэгтэй хүн эрэгтэй хүнийг, эмэгтэй хүн эмэгтэй хүнийг хайрлаж болно. Дурлал болон хайраас хосууд үүсэж болно, үүсэхгүй ч байж болно.

Хүйс, секс, нөхөн үржихүй, дурлал болон хайрыг логик дараалалд оруулах гэсэн санаачилга байгалийн жам ёсны үйлдэл биш. Эволюцын психологийн өндөр өвөг, философич Артур Шопенхауэр 1821 онд энэ уялдааг төгсгөлөөс нь эхэлж тайлбарлахдаа маш том ташаарсан байдаг. Тэрээр хэлэхдээ: “Хайрын сэдлээр хийх аливаа үйлийн эцсийн зорилго нь хүний амьдралын бүхий л зорилгын хамгийн дээд чухал тул үүнийг эрхэмлэгч хэн бүхэн үнэ цэнтэй. Энэхүү үйлдлээрээ үр удмаа үүсгэн бүтээх үү, үгүй юү гэдгийг шийднэ” гэжээ. Гэвч секс хүйсийн ялгаан дээр суурилсан, секс заавал нөхөн үржихүйн үүрэгтэй, мөн түүнчлэн хүйс хоорондын дотно харилцаанаас хайр үүсдэг гэвэл буруу тайлбар болно.

Номын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close