Насанд хүрэгчдэд

ЖҮЖИГЧИН ӨӨДӨӨ: ХАМРААСАА ЦУСАА САДАРТАЛ ЗОДУУЛААД, АМАНДАА ДААВУУ ЧИХҮҮЛЧИХСЭН ГАРАА ӨРГӨӨД ӨРӨӨНИЙ БУЛАНД ШӨНӨЖИНГӨӨ ЗОГСДОГ БАЙСАН

Жүжигчин Ч.Ундралтай анх хамтран дуулж олны танил болж байсан жүжигчин бүсгүй бол Т.Өөдөө. Дуулна, жүжиглэнэ, хөтөлнө гээд олон төрлийн авьяастай түүнийг Ч.Ундралтай лесби ч гэж “сенсацилах” нь олонтаа байлаа. Эцэст нь дуэт байхаа больсон “хосууд” тус тусын уран бүтээлээ хийцгээх болсон юм. Яг тэдний эрин үе буюу “од” болж байх үед жүжигчин Т.Өөдөөг найман хойт эцгийн гар дамжсан, эх нь архичин гэж хэвлэлээр шуугиж байсан. Харин Хүмүүс сонины сэтгүүлч энэ асуудлаар Т.Өөдөөгөөс ярилцлага авахад амьдралын хүнд хэцүүг давсан тухайгаа ярьсан гэдэг. Уг нь сонирхолтой, бас нийгэмд сургамж өгсөн, маш ухаалаг түүний ярилцлагыг уншигчид дэмжиж байсан ч тэрбээр өөрийн хөтөлдөг нэвтрүүлгээрээ энэхүү ярилцлагыг өгөөгүй хэмээн няцаасан байдаг. Мэдээж доорх амьдралыг сэтгүүлч зохиож бичихгүй нь ойлгомжтой.

 

Ямартай ч Т.Өөдөөгийн 2004 оны 10 сард Хүмүүс сонинд өгч байсан ярилцлагыг зохиогчийн бүрэн эрхтэйгээр хүргэж байна.

-Уучлаарай нэг л өдөр ээжийг тань хамгийн муу ээжээр тодруулчихлаа. Тэгээд бас чамайг найман эцгийн нүүр үзсэн гэх юм? -Намайг яаж тэгж гүтгэж чадаж байна аа. Үнэндээ үүнийг ярьсан хүнийг би сайн мэдэж байна л даа. Өнөөдөр энэ тухай би сонсоод гэртээ жаахан уйлж суугаад. -Тэр бүх яриа худлаа гэсэн үг үү?
-Миний бага насанд үнэндээ инээд хөөр, баяр жаргал гэж байгаагүй. Тэр чигтээ зовлон зүдгүүр, уй гуниг дунд хүүхэд нас минь өнгөрсөн. Би энэ тухай хэнд ч ярьж байгаагүй бөгөөд намайг ийм их зовлон үзсэн гэвэл итгэх ч хүн ховор байх. Зөвхөн миний сэтгэл өвдөөд л ярьж байна. Тэгээд ч би тийм их зовлон үзсэнийхээ хариуд өнөөдөр юугаар ч дутахгүй амьдарч байгаа болов уу. -Чамайг ийм зүйл ярина гэж бодсонгүй шүү. Тэгээд чиний бага насны зовлон юу байв аа. Тэр найман эцэг гээд байгаа асуудал уу?
-Хэдийгээр би найман эцэг үзээгүй ч нэг л ширүүн хүний гарт бага насаа үдсэн. Ээж, аав хоёр маань намайг бүр бага байхад, ухаан орох цагаас салж, би өөрийн ахын хамт тэр хойт эцэг гээчийн хүүхдүүд болсон. Сургуульд орох хүртэлээ би эмээ дээрээ өссөн юм. Харин таван настайгаасаа би өөрийн ээж, хойт эцэг дээрээ очсон.

Тэр хүн миний ээж, бас намайг хайр найргүй зоддог байсан. Хүүхэд мөртлөө надад бусдын адил тоглох, инээх эрх байгаагүй. Учир нь би түүний дагавар охин болохоор. Заримдаа тэр хүн дэндүү аймаар авирлана. Намайг тавхан настай байхад өрөөний буланд хоёр гарыг минь өргүүлээд шөнөжингөө зогсоодог байсан гээд бод л доо. Зүгээр ч нэг зогсоохгүй. Жаахан л хөдлөх юм бол зодоод, өөрөө ч унтдаггүй байсан. Хамраасаа цусаа садартал зодуулаад, амандаа даавуу чихүүлчихсэн гараа өргөөд өрөөний буланд шөнөжингөө зогсохдоо эсрэг байшингийн цонхыг хараад уйлдаг байсансан. Тэр байшингийн цонхнууд бүгдээрээ гэрэлтэй байснаа нэг нэгээрээ унтарсаар тас харанхуй болдог байлаа. Харин би энэ гэрэлтэй цонхнуудын ард ямар амьдрал байгаа бол. Бас над шиг зогсож буй хүүхэд байдаг болов уу, эсвэл ээж, аавтайгаа хамт жаргалтай нь аргагүй нойрсож байгаа болов уу гэж боддог байлаа.
Одоо ч би хааяа шөнө унтахдаа зэргэлдээх байшингийн цонхыг хараад миний бага нас шиг хар нялхаараа нулимсандаа хутгалдаад зогсож байгаа хүүхэд байдаг болов уу, бас манай цонхыг хараад энэ цонхны цаана ямар амьдрал байгаа бол гэж шүүрс алдан зогсоо болов уу гэж боддог.

-Чамайг зүгээр л байхад тэгж зоддог байсан хэрэг үү. Ер нь зүггүйтлээ ч тавхан настай охиныг зодно гэдэг хэрцгий зүйл л дээ? -Би тийм их зовлон амссан болоод ч тэр үү их дуу муутай, даруухан охин байсан. Онц сурдаг, цэцэрлэгээсээ эхлээд сургуулиа төгсөх хүртэлээ урлаг соёлын бүх ажилд идэвхитэй оролцдог байлаа. Надад тэр хүнийг зовоох шалтгаан байгаагүй. -Өөрөө тухайн үед эмээ болон ах дүү, хамаатан садандаа хэлж болоогүй юм уу. Ах нь тэр үед бас жаахан байсан байх, тийм ээ?
-Хүүхэд гэдэг чинь хүүхэд л байдаг юм байна. “Чамайг ална шүү, хэлээд үзээрэй” гэхэд л нам болно. Эмээ маань энэ тухай одоо болтол мэдэхгүй ээ. Харин ах маань тухайн үед жаахан ч байсан, эмээ дээр маань өссөн болохоор энэ талаар мэдэхгүй хэрнээ анзаараад байдаг байсан. -Ээж тань тэр үед салж болоогүй юм байх даа. Охиноо зодуулаад л амьдраад байсан хэрэг үү? Ээж маань муу ч гэсэн тэр хүний хоёр хүүхдийг гаргасан болохоор бас дээр нь зодуулж хашраад тэр хүнээс айдаг байсан биз. Хоёр дүү маань хүртэл төрсөн эцэгтээ дургүй. Яагаад гэвэл ээж, эгч хоёрыг нь нүдэн дээр нь зоддог байсан юм чинь. -Одоо тэр хүн хаана байдаг вэ?
-Одоо тэр хүн жижигхэн хөх өвгөн болсон байна лээ. Надаас айгаад манайд ирж чаддаггүй. Хааяа яг галзуу хүн шиг манайд ирээд ээж чинь тийм хүнтэй явалдаад айлын амьдрал бусниулаад байна гэдэг. Тэгэхээр нь би нэгдүгээрт та манай босгыг битгий дав, хоёрдугаарт яадаг юм миний ээж насны эцэст цайгаа хувааж уух ханьтай болж байвал гэж хэлээд хөөгөөд явуулдаг. Яаж ч чадахгүй болохоороо иймэрхүү маягаар миний өчүүхэн нэр төрийг худалдаад талхны мөнгө авсан юм байгаа биз.

-Харин хэдийнээс энэ гунигт амьдрал төгсгөл болов оо? -Азаар би сайн ах, дүүтэй хүн. Миний нэг эгч намайг бага байхад Герман хүнтэй суусан юм. Тэр эгч маань надад маш их сайн байсан болохоор намайг өргөж авъя гэдэг байсан. Тэгээд есдүгээр ангиасаа тэднийд яг л герман амьдралаар амьдарсан. Аравдугаа ангиа онц төгсчихөөд Анагаахад шалгалт өгөөд тэнцсэн. Гэвч би СУИС-д суралцана гэж зөрүүдэлсээр байгаад СУИС-ийн гадна хонож байгаад шалгалтаа өгч, тэнцсэн. Өөрөө орно гэж зөрүүдэлсэн болохоор амралтаараа жүжиг, хошин шогт тоглон их сургуулийнхаа төлбөрөө хийдэг байсан. Ингээд би өөрийн гэсэн мөнгө, нэр хүндтэй болчихоод эгч, герман ах хоёртоо “Одоо би ингэж жаргаж болохгүй ээ, ээж, дүү нартайгаа очиж амьдаръя” гэж хэлээд тусдаа гарч, ээж, дүү нараа авсан. -Чи тэгвэл их буянтай, сайн л охин байна даа. Зовсоны эцэст жаргана гэдэг л энэ байх даа?
-Жаргал зовлон ээлжилдэг шүү дээ. -Ээжийг тань их архичин гэсэн байна билээ? -Би ээжийгээ согтуу байхыг энэ насандаа хараагүй. Ээж маань цэцэрлэгийн багш. Хэдийгээр тэтгэвэртээ гарсан ч урилгаар одоо болтол багшилж байгаа. Саяхан улсын тэргүүний ажилтан болоод бид тэмдэглэсэн. Энэ дашрамд “Ээж ээ та надаас болж ингэж доромжлуулж байна, охиноо уучлаарай” гэж хэлье. -Дээр үеийн Хөдөлмөр сонин дээр чиний бичсэн шүлгийг харж байсан юм байна. Дандаа амьдрал, гуниг өгүүлсэн шүлэг байхаар нь гайхаж байсан л даа. Цаанаа ийм учиртай байжээ? -Тийм ээ, би багадаа шүлгийн дугуйланд явдаг байлаа. Надад ер нь хайр дурлалын шүлэг байхгүй шүү. Би жүжигчин болоогүй бол сэтгүүлч болох байсан. Миний шүлэг ихэнхидээ гүн ухаан тал руугаа. Үгний минь цаана үг нуугдаж байдаг. Ундрал бид хоёрын дуулсан “Хүлээ” дууны маань үг хэн нэг залууд хандаж буй мэт боловч цаг хугацаа намайг хүлээ, би чамаас хоцормооргүй байна гэсэн утгатай шүү дээ.

-Нэгэнт уран бүтээлч хүнтэй уулзсан болохоор сүүлийн үеийн уран бүтээлийн тань талаар ярилцъя? -Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар гэвэл “Надтай хамт” нэвтрүүлэг маань залууст таалагдаж байгаа. Энэ нэвтрүүлэгтээ би хөлс хүчээ дайчлан улам сайжруулахын төлөө ажиллаж байна. -Танай “М-Галакси” студи Олимпийн хороонд байрлаж байсан шүү дээ. Хэдийнээс Монро импекс дээр байрлах болов оо? -“М-Галакси” студи маань 6 сарын 1-нээс энд нүүж ирсэн. Хотын төвд амар юм. Ядаж зардал багатай.
-Чи өөрөө урлагийн хүн болохоор рок, попынхонтой хамтарч ажиллахад дөхөмтэй байдаг уу? -Жүжигчин хүний хувьд ч тэр, хөтлөгчийн хувьд ч гэсэн урлагийнхантай ойлголцоход хялбар байдаг. Би СУИС-ийн жүжигчний ангид суралцсаны хувьд Сувдаа багшаас авахуулаад олон сайхан багш нараар хичээл заалгасан. Гол нь диплом дахь дүнгээрээ биш, амьдралаас уран бүтээлээ дэвшүүлье гэж бодсон. Зарим хүмүүс намайг сэтгүүлч болчихсон юм уу гэдэг. Би сэтгүүлч болоогүй, үзэгчдийг телевизтэй холбож өгдөг хөтөч л болсон.
Мэдээж жүжигчин хүн бүгдийг чадах ёстой учир туршлага хуримтлуулах гэ ажиллаж байна.

-Өөрөө рок, попынхоноос бүгдээс нь ярилцлага авсан байх. Одоо үлдсэн хүн байна уу? -Чингис хаан хамтлагийн Жаргалсайхан ах болон тэдний хамтлагийнхантай л уулзаагүй үлдсэн байна даа. Удахгүй ярилцлага авч үзэгчидтэйгээ уулзуулах болно. Дуучид, хамтлагийнхны 60 хувиас нь ярилцлага авч байсан. Мөн яруу найрагчид болон хөгжимчдийг байнга үзэгчидтэйгээ уулзуулдаг. -Жил гаруйн хугацаанд олон уран бүтээл хийлээ. Эргээд харахад энэ л яг жин тан болсондоо гэж ам гарах бүтээл юу байна вэ? Ер нь хийсэн юмаа эргээд харахад бүгд л гологдоод байх шиг санагддаг. -Өөдөөг харахад нүүрэндээ будалт хийдэггүй юм байна. Харин тайзан дээр яадаг вэ?
-Би дэлгэцээр гарахдаа ч энгийн үедээ ч будаг хэрэглээд байдаггүй. Харин тайзан дээр заавал тайзны будалт хийх шаардлага гардаг. Будаг надад зохидоггүй юм уу, эсвэл би будаж чаддаггүй болохоор бичлэгт орохдоо бяцхан өнгөлөн далдлалт хийдэг. -Ундрал та хоёр хамтран дуулдаг байсан. Одоо Ундрал бие дааж дуулах боллоо. Ингэхэд чи дуулахгүй юм уу?
-Дууны тал дээр Ундраа маань надаас илүү авьяастай. Би театрт илүү сонирхолтой. Ундраа өвөрмөц шийдэлтэй хоёр ч уран бүтээл гаргасан. Сайн ч уран бүтээл болж чадсан. Цаг үе аяндаа харуулж байна. Бид хоёр хамт дуулсанаар сайн уран бүтээл гарч байв уу, эсвэл дангаараа дуулсан нь амжилтанд хүрч чадаж байна уу гэдэг нь харагдаж байгаа болов уу. Миний хувьд Ундраа маань ганцаараа дуулсан нь илүү эрч хүчтэй юм шиг санагддаг. Юу хиймээр байна, түүнийгээ л хийх хэрэгтэй.

Эх сурвалж: Mongolcomments.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close