Нийтлэл

Гадныхны Нүдээр Монгол Эмэгтэйчүүд

онгол бүсгүйчүүд өнө эртнээс л хатан ухаан, халамжит аашаараа дэлхий нийтэд гайхагдаж ирсэн билээ. Харин тэдний энэхүү чанарыг магтан сайшааж, Америкийн “Huffington Post” сайтын сэтгүүлч, аялагч бүсгүй олон нийтийн сүлжээнд бичсэнээр олон мянган хүний анхаарлыг татаж чаджээ. Ингээд та бүхэндээ гадныхны нүдээр Монгол бүсгүйчүүд хэрхэн харагддаг болохыг ямар ч нэмэлт хачиргүй орчуулан хүргэе.

Гадныхны нүдээр Монгол эмэгтэйчүүд...

1

“Би болон манай аяллын багийнхан 5 долоо хоногийн турш Монгол улсын говийн аймгуудаар аялсан юм. Бидний зорилго Монгол бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн амьдралтай танилцаж байсан билээ. Ямартай ч бид Өмнөговь аймагт очсон бөгөөд бидний хэлмэрч, орчуулагчаар Гүндэгмаа гэх бүсгүй явж байсан юм.”

2

“Халуун наранд өдөржин явсны эцэст нэгэн айлд хүрэлцэн ирэв. Тус айлын гэрийн эзэгтэйг Номин гэдэг байв. Тэр 3 хүүхдийн ээж бөгөөд тун ч завгүй ажилсаг бүсгүй байв. Ингээд бидний халуун дотно яриа өрнөлөө. Мэдээж бид Монгол хэлийг сайн мэдэхгүй тул Гүндэгмаа тусалж байв.”

3

Номин 3 хүүхдээ юугаар ч дутаалгүй өсгөсөн мундаг бүсгүй ажээ. Хүүхдүүд нь Улаанбаатар хотод сургуульд сурдаг бөгөөд тэд зуны амралтаар ээж, аавдаа ирж тусалдаг байна. Угтаа бол тэрээр боловсрол эзэмшиж, их сургуульд төгссөн боловч түүнд ийнхүү нүүдэлчин соёл уламжлал, хөдөө нутаг нь таалагддаг тул мал хариулан, завгүй амьдрах болсон гэж бидэнд тайлбарласан юм.

4

Монголчуудын нэрийн хуудас болсон тос хөвсөн сүүтэй цайг уун, бид ирэх болсон учир шалтгаанаа хэлэхэд бодсоноос илүү найрсгаар хүлээн авлаа. Ганц Номингийн амьдралыг ч бус орчуулагч Гүндэгмаатай ч мөн дотно ярилцав. Номин гэх бүсгүй хичээлдээ сайн, мэргэжилдээ ч дуртай байсан гэнэ Харин нэг залуутай танилцаж, уулздаг болсноор хурим, найр хийхдээ тулсан бөгөөд түүнийгээ даган таниж мэдэх хүнгүй говийн нутагт ирэн суурьшжээ. Эцэг эхээсээ холдон, зөвхөн эр нөхөртөө итгэн алсын аймгийг зорин ирсэн энэ бүсгүйн тэр их зоригийг би дотроо гайхаж байлаа. Би хувьдаа Азиудыг аав ээжийн өврөөс мөд гардаггүй, эрх танхи, хараа хяналт чангатай хэмээн боддог байсан минь тэс өөрөөр солигдов. Тэдний хувьд хүний гэргий, хүүхдийн ээж байна гэдэг хамгаас жаргалтай сайхан зүйл аж. Эхийн хайраар бүгдэд тусархаг хандаж, хайрлах төдийгүй өрөвч сэтгэл нь бахдал төрүүлнэ.

5

Хэдий хөдөө боловч хүн бүр дэлхийн нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг юм билээ. Номингийн хүүхдүүд ухаалаг утсаар тоглож, хөгжилдөж байсан бөгөөд хараахан интернэт сүлжээ орж ирээгүй байгаа гэнэ. Мэдээж телевизор, хөргөгч, хөлдөөгч, бүр ус буцалгагч гээд л дутуу зүйл нэгээхэн ч харагдаагүй. Биднийг анх гэр рүү дөхмөгц л найрсгаар угтан авч, байгаа бүхнээ гарган харамгүй сэтгэлээр дайлж байсан нь биднийг бага зэрэг гайхшруулсан. Учир нь бидний хувьд өөр олон улс орноор аялж байхад ийм хүмүүстэй тааралдаж байсан удаагүй.

6

Номин бидэнд өөрийн бодол сэтгэл, ирээдүйн зорилго, амьдралын хэв маягийн талаараа илэн далангүй ярьж өгөв. Тэд маш их хөдөлмөрлөдөг нь ярианаас нь, басхүү яриан дундуур ч гэсэн ажлаа амжуулж байгаагаас нь илт анзаарагдаж байлаа. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл малаа хариулж, сүүг нь сааж, цаг зав гарах аваас хашаа хороо, гэр орноо цэвэрлэх, хүүхдээ усанд оруулах, хадмууддаа туслах гэхчлэн ганц хором ч зүгээр сууна гэж үгүй. Гэхдээ үүндээ огтхон ч уурсаж, төвөгшөөдөггүй нь үлгэр дууриал авмаар санагдсан шүү. Ер нь Монголчууд их ажилсаг байдаг нь надад их таалагдсан, бас их ичмээр санагдсан. Учир нь бид (Америкчууд) ийм биш шүү дээ. Ирээдүйн зорилго тэмүүллийнх нь талаар асуухад үр хүүхэд нь сайн сайхан, эрүүл саруул, амжилттай явахад л болох гэнэ.

7

Харин орчуулагч Гүндэгмаагийн тухайд ганц бие хотын бүсгүй. Улаанбаатар хотод төрж өссөн ганган дэгжин нэгэн байсан юм. Номин, Гүндэгмаа хоёр гадаад төрх, байгаа байдлын тухайд тэнгэр газар шиг л ялгаатай. Гүндэгмаа хэнээс ч дутахааргүй боловсролтой, мундаг нэгэн болохыг мөрөөдөж явдаг. Бас их үндэсрхэг үзэлтэй. Гадаадын том сургуульд боловсрол эзэмшин, улс орноо хөгжүүлж, эцэг эхээ бахархуулах нь түүний эрхэм үүрэг аж. Үүнийхээ төлөө ч зүтгэж явааг нь миний орчуулагч болж байгаагаас харж болно шүү. Надад түүний хэлж байгаа үг бүхэн нь сэтгэлийн угаас гарч байгаа нь мэдрэгдсэн.

8

Энэ мэтчилэн бид олон айлаар орж, тэдний амьдралтай танилцаж, багагүй судалгаа явуулаад амжлаа. Үүнээс харахад ихэнхи бүсгүйчүүд нь үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө өөрийгөө золиослосон байдаг юм билээ. Европын орнуудад бол хүүхэд, нөхөр хамаагүй, өөрийн хүссэн зүйлсээ л хийж амьдардаг. Харин Монгол бүсгүйчүүд тэс өөр. Тэдний хувьд хамгийн чухал зүйл нь өөрийн карьер бус гэр бүл, хань ижил, үр хүүхэд нь юм.

9

Мөн хүйсийн тэгш эрхийн тал дээр бага зэрэг асуудалтай санагдсан. Монголчууд эртнээс эрчүүдийг өрхийн тэргүүн хэмээн хүндэтгэж, харин бүсгүйчүүдийг тэдний заасан, хөтөлсөн замын дагуу явахыг шаарддаг. Тэд ч уламжлалаа даган хань болох хүнээ сонгож, түүнийгээ даган танихгүй газар руу явахад ч бэлэн байдаг нь өнөө ч хэвээрээ. Нэг үгээр дүгнэж хэлбэл тэд үнэхээр хүчирхэг хүмүүс. Ганц бие, гэрлэсэн хэмээн ялгалгүй бүгд л их тууштай, хүчирхэг мэт санагдаж байсан. Өөрөөсөө илүүтэй өрөөлийг гэх нүүдэлчин Монголын хацар гоо бүсгүйчүүд гял цал тансаг биш ч гэлээ, харах тусам элдэв маяггүй, дур булаам ажээ.

10

Тэдэнд чадахгүй зүйл гэж тун ховор. Ялангуяа хөдөө амьдардаг бүсгүйчүүд бяр чадал ихтэй байдаг нь намайг үнэхээр алмайруулсан шүү. Үг дуу цөөтэй, даруу зан нь тэдний энгийн төрхийг илүүтэй чимнэ. Зорьсон, хүссэн зүйлдээ хүрэхээр маш их тэсвэр тэвчээр гаргадаг, уужуу сэтгэлтэй мэт санагдсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close