Нийгэм

Өдрөөс өдөрт нэмэгдэж буй албан даатгал

Монголд даатгалын 17 компани үйл ажиллагаа явуулж байна. Ердийн даатгалын 15 компани, давхар даатгалын 1 компани, амьдралын даатгалын 1 компани байна. 2017 онд даатгалын компаниуд 144 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн орлого олж, үүнээс ердөө 45 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт өгчээ. Даатгалын компаниуд 100 тэрбум төгрөгийн орлого олжээ. Даатгалын хураамжийн нийт орлогыг ДНБ-тэй харьцуулсан үзүүлэлтийг даатгалын нэвтрэлт гэдэг.  Энэ үзүүлэлт Монголд 0.5 хувь байна. Гэтэл хөгжиж байгаа орнуудад даатгалын нэвтрэлт гурван хувь, олон улсын дундаж долоон хувь байдаг. Эндээс ойрын ирээдүйд хөгжиж байгаа орнуудын түвшинд очиход Монголын даатгалын зах зээл зургаа дахин тэлэх болно. Цаашдаа олон улсын дундаж үзүүлэлтэд хүрэх үед даатгалын зах зээл 14 дахин тэлнэ. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл даатгалын компаниудын орлого ирээдүйд 600 тэрбумаас 1 их наяд 400 тэрбум төгрөгт хүрнэ. Энэ бол баялгийн хуваарилалт маш том нөлөө үзүүлэх тоо юм. Гэтэл даатгалын компаниудын өмчлөлийн бүтцийг харвал бүгд цөөн «ГЭР БҮЛ»-ийн өмчлөлтэй байгаа нь ихээхэн эмзэглэл төрүүлж байна. Хэрэв даатгалын компаниудын өмчлөлийн бүтцийг өөрчлөхгүй байх аваас ирээдүйд даатгалын зах зээл тэлэхийн хэрээр баялгийн тэгш бус хуваарилалтыг улам нэмэгдүүлнэ.

Нөгөө талаас даатгалын зах зээлд эрүүл өрсөлдөөн дутагдаж байна. Даатгалын компаниуд гэрээний үүргээ биелүүлэхгүй даатгуулагчдыг хохироодог үйлдлүүд их байна. Тухайлбал,  даатгалын компаниуд «Даатгуулагч гэрээгээ цуцалбал үлдсэн хугацааны даатгалын хураамжийг буцааж олгоно» гэсэн гэрээний үүргээ биелүүлэхгүй даатгуулагчдыг хохироосоор байна. Тэд «Манай компаний дотоод журмаар таны мөнгийг буцаан олгох боломжгүй» гэсэн тайлбар өгдөг байна. Даатгалын компаниуд гэрээнээс давсан дотоод журам байгаа нь  шууд хэлэхэд боловсон луйвар юм. Жолоочийн хариуцлагын даатгал бол албан журмын даатгалын нэг юм. Жолоочийн хариуцлагын даатгалын хураамж өндөр байна. Замын хөдөлгөөний зөрчилд хариуцлага тооцох арван онооны системийг даатгалын компаниудын захиалгаар хийсэн гэх хардлага нийгэмд хүчтэй байдаг. Гэтэл Монголын Даатгагчдын Холбоо албан журмын 34 төрлийн даатгалыг Монголд нэвтрүүлэх шаардлагатай гэж мэдэгдлээ. Даатгалын компаниудын лоббигоор ойрын үед албан журмын даатгалууд нэмэгдэх нь лавтай. Албан журмын даатгалд  нотариатч, өмгөөлөгч, эмч, багш зэрэг мэргэжлийн хариуцлагын даатгалууд нэмэгдэнэ. Даатгалын компаниуд ёс зүйтэй  ажиллавал албан журмын даатгал бидэнд үр өгөөжөө өгнө. Харин банкууд шиг, шатахуун импортлогчид шиг  хуйвалдаад байвал бидэнд ихээхэн дарамт болох нь тодорхой.

Дээр дурдсан хоёр шалтгаан бидэнд тулгалт биш бодит сонголт хэрэгтэй болсоныг харуулж байна. «ХАМТЫН ДААТГАЛЫН КОМПАНИ» бол бидний хүсэн хүлээсэн тоглогч мөн. Японд топ зургаан даатгалын компаний дөрөв нь хамтын даатгалын компани байна. Японы даатгалын зах зээлийн бараг 40 хувийг хамтын даатгалын компаниуд эзэлж байна.

Н.Баатар

www.zindaa.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close