Дэлхий дахинд

Ойрх Дорнодод Орос юу хийж байна

Сүүлийн хэдэн жилд анхаарлын гадна үлдсэн нэг асуудал бол Владимир Путин Оросыг дахин дэлхийн их гүрэн болгохын тулд Ойрх Дорнодыг хэрхэн ашиглаж байгаа явдал юм. Оросын ядуу эдийн засаг, хүн амын бууралт, Кремлийн зөрчлийн улмаас олон хүн үүнийг үл тоомсорлох байх. Гэтэл Москва хоёр жилийн турш Сирид цэрэглэн оролцсондоо түшиглэн АНУ-ыг шахаж, геополитикийн өндөр сэнтийд суудал эзлэв. Энэ тухайд Москва дахь Карнеги төвийн захирал Дмитрий Тренин үнэ цэнэтэй ном бичжээ.

Европт Путиний Оросыг хүйтэн дайнд Зөвлөлт ялагдсаны дараах ревизионист гүрэн гэж үздэг. Ойрх Дорнодод бол хувирамтгай боловч хүчтэй байр суурьтай улс хэмээн хүлээн зөвшөөрдөг агаад “Дэлхийн энэ бүсэд эвсэл, холбоо тактикийн шинжтэй, түргэн өөрчлөгддөг бөгөөд мөнхийн нөхөр буюу дайсан гэж үгүй” юм. Зөвлөлт холбоот улс 1948 онд Израйлийг дэмжин Ойрх Дорнодын геополитикт оролцож эхэлсэн. 1955 оноос хүйтэн дайнд хөтлөгдөн Насерийн Египетийг дэмжиж, улмаар социалист маягийн Сири, Иракийн дэглэмүүд рүү хандсанаар 30 жилийн хугацаанд Арабын 55000 офицерыг эх орондоо сургажээ.

1980-1988 оны Иран, Иракийн дайнд Багдадыг дэмжиж байсан бол одоо 2003 онд Иракийг довтолсон Америкийн цэргийн үлдээсэн сүйрлээс хамгийн их хожсон Ирантай эвсэж байна. Орос улс Ойрх Дорнодод эргэн ирсэн нь 2011 онд Ливид мөргөлдөөнийг зогсоох тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг ашиглан өрнөдийн улсууд Каддафийн дэглэмийг дарсан явдлаас үүдэлтэй гэж үздэг. Кремль Арабын хавар гэгч эсэргүүцлийн хөдөлгөөнийг өрнөдийн аюул занал гэж тооцож байв. Гэтэл гайхалтай нь АНУ өөрийн холбоотон Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракыг унагаж, шахалт үзүүлж, Кайр дахь жагсаалын дараа Мусульманы ахан дүүс бүлгийг засгийн эрхэнд гаргасан юм.

Путиний хувьд энэ бүх хэрэг явдал Гүржээс эхлээд Украйн зэрэг хуучин Зөвлөлтийн БНУ- уудад явагдсан өнгөт хувьсгал гэгчийг Арабын ертөнцөд давтсан мэт харагдаж байлаа. “Арабын хувьсгалын оч Оросын геополитикийн хэвлийг шатааж болзошгүй байв” хэмээн ноён Тренин бичжээ. Гэхдээ АНУ Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг хүсэх мөртлөө босогчдод түүнийг унагах арга хэрэгсэл өгөөгүй нь Орост боломж нээв. “Оросын Араб судлаачдын хувьд АНУ ба түүний Европын холбоотнууд юу хийхээ мэдэхгүй муухан багшийн шавь нар шиг харагдаж байв” хэмээн Тренин тэмдэглэжээ.

Орос хоёр жилийн өмнө дайралтаа эхэлж, тэдний агаарын хүчин Асадын дэглэмийг аварсан агаад Сирийн цуцсан арми, Ираны хувьсгалт гварди, шийтийн Хезболлах бүлэгтэй хамсав. Хязгаарлалтгүй тактик ашигласнаар Орос ялалт байгуулж, Москвагийн бодлоор АНУ-д амжилттай цэргийн оролцооны хичээл заалаа. Иран улс мөн Сириэс ашиг олж, Ирак руу түрэн шийтийн дайчид нь ISIS-ийг зайлуулахад тусаллаа. Түүнчлэн Туркийн курдүүдтэй нягт холбоотой Сирийн курдүүдтэй түншилсэн Америкт дургүйцсэн Турк улс Орос, Ирантай эвсэж эхэллээ.
Одоо ноён Путин зорилгоо хэрэгжүүлсэн гэж тооцож болох юм. Тренин энэ талаар “Оросын цэрэг Сирид орсон нь зөвхөн Сири, Ойрх Дорнодоор хязгаарлагдахгүй. Москва дэлхийн тавцанд их гүрний хувьд эргэн ирэхийг хүссэн юм” хэмээн тайлбарласан байна. Зөвлөлтийн армийн офицер асан Тренин өгүүллээ түүхээс эх авч бичсэн агаад зарим зүйл нь хувийн бодол байж магадгүй.

Тухайлбал, 1956 онд Британи, Франц хоёр Израйлийн хамт Египетийг довтолсны дараа тэднийг Суэцийн сувгийг орхиход хүргэсэн гол хүчин зүйл нь Зөвлөлтийн удирагч асан Никита Хрущевийн анхааруулга байсан гэж тайлбарлажээ. Гэвч олонх эх сурвалжид АНУ- ын Ерөнхийлөгч асан Дуайт Эйзенхауэр шахалт үзүүлсний ачаар хуучны колоничлогч улсууд ухарсан гэж үздэг. Гэхдээ өнгөрснөөс илүүтэй өнөөдрийг харвал ноён Трениний номд үнэ цэнэтэй олон ажиглалт багтсан байна.
Дэвид Гарднер

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close