Технологи

Хятадын хакеруудыг хулгайд буруутгав

АНУ-ын Шүүх яам болон Холбооны мөрдөх товчоо Хятадын гурван хакерийг Moody’s Analytics, Siemens болон GPS үйлдвэрлэгч Trimble компаниудаас мэдээлэл хулгайлсан хэрэгт буруутгав. Хятадад байрладаг кибер аюулгүй байдлын Boyusec компанид ажилладаг Ву Инзао, Дон Хао, Сиа Лэй нарыг кибер халдлагад буруутгаж буй нь бэрхшээлтэй, зарим талаар дипломат бус алхам юм. Ерөнхий прокурорын туслах Дана Боэнте хэлэхдээ Шүүх яам кибер гэмт хэрэгтнүүдийг баривчилж, шүүх үүрэгтэй хэмээн мэдэгдэв.
Тэрбээр “Шүүх яам болон Холбооны мөрдөх товчоо манай компаниудын хамгийн эмзэг, үнэ цэнэтэй мэдээллийг хулгайлахыг эрмэлзэж буй дэлхийн өнцөг булан бүрийн хакеруудыг илчилж, хариуцлага хүлээлгэх чадвартай гэдгээ дахин харууллаа” хэмээн онцлов. Гэмт этгээдүүд компанийн сүлжээнд мэйлийн хавсралтаар дамжуулан нэвтэрч, хортой программ руу холбосон байв. Ажилтнууд холбоосыг дарахад хакерууд компьютерт нэвтрэх үүд нээгдэж, арилжааны нууц мэдээллийг хайх боломж үүсдэг. 2011 онд ноён Сиа Moody’s Analytics-ийн дотоод мэйлийн серверт хууль бусаар нэвтэрч, чухал ажилтны бүх мэйлийг өөрийн талын хүний хаяг руу илгээх арга зохиожээ. Тэрбээр 2013-2014 онд Moody’s-ын эдийн засагчийн мэйлүүдийг уншиж, хөрөнгө ба эдийн засгийн нууц анализ, баримт, саналуудыг мэдэж авсан хэмээн дээрх ялын төлөвлөгөөнд дурджээ.
Уг ажилтныг “макро эдийн засаг болон байрны санхүүжилтийн салбарын мэргэжилтэн” гэж тодорхойлжээ. Энэ хүн Moody’s 2005 онд Economy.com сайтыг худалдан авахад хамт ирсэн бололтой. Энд дурдсанаар Siemens 2014 онд хакеруудын хохирогч болсон ба ноён Дон ажилтны түлхүүр үгийг ашиглан сүлжээнд нэвтэрч, компанийн эрчим хүч, технологи, тээврийн бизнест хамаарах 407 гига байт нууц мэдээлэл хулгайлсан байна. Хамгийн сүүлд ноён Ву 2015-2016 онд Trimble компанийн боловсруулсан хиймэл дагуулаас дэлхийд хайлт хийх технологитой холбоотой худалдааны нууцыг хулгайлсан аж. Ялын төлөвлөгөөнд “Уг явдал Trimble-ийн өрсөлдөгчид судалгаанд олон сая ам.доллар зарцуулалгүйгээр ижил бүтээгдэхүүн боловсруулж, зах зээлд гаргахад тусалсан” гэж бичсэн байна.
Хятадын гурван иргэнийг найман зүйлээр буруутгасны дотор компьютерийн луйвар ба буруугаар ашигласан, арилжааны нууцыг хулгайлах зорилгоор хуйвалдсан зэрэг хэрэг багтсан байна. Moody’s Analytics-аас гаргасан мэдэгдэлд АНУ-ын хууль сахиулах байгууллагатай нягт хамтран ажиллаж, кибер хамгаалалтаа байнга хянаж байгаа тухай дурдав. “Бидний мэдсэнээр хэрэглэгчийн нууц болон бусад хувийн мэдээлэл уг хэргийн явцад алдагдаагүй” хэмээн энд тэмдэглэжээ. Trimble-ийн төлөөлөгч хэлэхдээ үйлчлүүлэгчийн өгөгдөл зөрчигдөөгүй агаад энэ явдал манай бизнест онц нөлөө үзүүлэхгүй гэсэн байна.
2014 онд Хятадын хакеруудын эсрэг нарийн түвэгтэй эрүүгийн ял төлөвлөж байсан Пенсильванийн өрнөд дүүргийн шүүх дээрх хэргийг гардан явууллаа. Тухайн үед Хятадын цэргийн офицеруудыг АНУ-ын ган үйлдвэрлэгч компаниуд болон Үйлдвэрчний эвлэлүүдийн компьютерийн системд нэвтэрч, арилжааны нууцад халдахыг оролдсон хэмээн буруутгаж байсан билээ. Энэхүү хэрэгт яллагдсан хүмүүсийн зургийг эрэн сурвалжилж, баривчлах жагсаалтад оруулан нийтэлж буй нь Хятадын корпорацийн тагнуулын эсрэг АНУ-ын явуулж буй кампанийн хэсэг гэж үзэж байна. 2015 оны есдүгээр сард Ерөнхийлөгч асан Барак Обама, Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар хоёр улс эдийн засгийн кибер тагнуулын ажиллагаа санаатайгаар явуулахгүй гэж мэдэгдэж байсан юм.

Ханна Кушлер

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close