Нийгэм

“Алга болсон” охиноо ШТС-ын хажууд согтуу байхад нь олжээ

алга бологсод

Сүүлийн үед том, багагүй сураггүй алга болсон гэх мэдээлэл өдөр алгасалгүй гарах болов. Өнгөрсөн арваннэгдүгээр сар хүүхэд, залууст тун халтай сар болж өнгөрлөө гэхэд нэг их хилсдэхгүй биз. Хүүхэд нь сураггүй боллоо, гэртээ ирэхгүй хэд хонолоо гэж цагдаагийн байгууллагад хандсан нэлээд олон тохиолдол бүртгэгджээ. Үүний дотроос олон нийтийн сүлжээгээр дамжуулж эцэг, эх нь хүүхдээ хайж буй тохиолдлууд маш их байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, эцэг эхчүүд үр хүүхдээ хаана, хэнтэй явааг нягтлаж тодруулаагүй байж цагдаа болон онцгой байдлынханд ханддаг. Гэтэл хүүхэд нь хаа нэгтэй найз нөхөдтэйгээ нийлээд тоглон, дарвиж цэнгэж, хэн нэгнийдээ хонож өнжих  тохиолдлууд маш их байдаг. Гэтэл манай хүүхэд сураггүй алга боллоо хэмээн олон нийтийн сүлжээгээр зар тавьдаг нь олон эцэг эхийг айдас түгшүүрт автуулж байна гэв.

Энэ сарын 7-нд л гэхэд Завхан аймагт 17 настай, эмэгтэй Ч өглөө гэрээсээ хичээлдээ явна гээд гарчээ. Гэтэл хичээлээ тараад гэртээ ирээгүй учир айж сандарсан эцэг эх нь тэр өдрийнхнөө орой 22:30 цагийн орчимд цагдаад хандаж, охиноо сураггүй алаг болчихлоо хэмээн хандсан байх юм.

Цагдаагийнхан ар гэрийнхэнтэй нь хамтран охиныг эрэн хайсан бөгөөд шөнийн 03 цагийн үед олжээ. Охин сумынхаа “Шунхлай” ШТС-ын хажууд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай олдсон байна. Ид өвлийн хүйтэн эхэлсэн энэ үед хөлдөж осгох аюулаас холуур өнгөрсөн нь яамай.

Яг ийм жишээ хэд хэд байгааг эргэн сануулъя.

  1. Тухайлбал Х гэх 15 настай охин өнгөрсөн сарын 17-нд гэрээсээ гараад сураггүй байгаа талаарх мэдээлэл нийгмийн сүлжээгээр маш олон удаа цацагдсан юм. Гэтэл охиныг 22 хоногийн дараа олсон бөгөөд бид ар гэрийнхэнтэй нь холбогдоход “Охин олдсон. Гэхдээ мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм.
  2. Мөн өнгөрсөн сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг, “Аман хуур” хотхоноос хичээлдээ явахаар гэрээсээ гарсан, 13 настай охин алга болсон талаар цахим хуудаст мэдээлэл нийтлэгдсэн билээ. Охиныг гурав хоногийн дараа олсон, охины бие зүгээр гэсэн мэдээллийг аав нь дуулгасан бөгөөд мөн л мэдээлэл өгөхөөс татгалзсан.
  3. Өнгөрсөн сарын 22-ны өглөөний 07:00 цагийн үед Үндэсний дээд сургуулийн оюутан, 21 настай М “Цамбагарав ороод цааш хичээлдээ явлаа” хэмээн гэрээсээ гарсан байдаг. Түүнээс хойш тэрбээр ямар ч сураггүй, утас нь холбогдохгүй, хэнтэй ч холбоо барилгүй алга болсон гэж ар гэрийнхэн нь мэдэгдсэн. Түүний олдсон, сураг нь гарсан эсэхийг лавлахаар ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдоход мөн л  “Мэдээлэл өгөх боломжгүй” хэмээгээд утсаа тасалсан юм.
  4. Өнгөрсөн сарын 27-нд 15 настай Е гэдэг хүү алга болсон гэж ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад ханджээ. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-ны орой 21 цагийн үед зааланд тоглоно гэж гэрээсээ гараад, сураггүй алга болсон гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлж байв. Ар гэрийнхэнтэй нь холбогдоход мөн л “Хүүгээ олсон” гэх хариулт сонсов.

Эдгээрээс харвал дээрх хүүхдүүдийн ар гэрийнхний зүгээс хүүхдийг нь хэн нэгэн авч явсан, хулгайлсан байсан гэх гомдол тайлбар хэлсэнгүй. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, сүүлийн үед хүүхдүүд хэд хоногоор гадуур дэмий тэнэж, PC тоглоомын газруудаар олон хоног явах тохиолдол их гарч байна. Улмаар утас нь холбогдохгүй болоход нь айж сандарсан ар гэрийнхэн нь яаран сандран цагдаад ханддаг аж. Хамгийн сүүлд л гэхэд Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн бага ангийн сурагч охин алга болж, 14 хоногийн дараа олоход контейнерт хорьсон байжээ” гэх агуулга бүхий мэдээлэл фэйсбүүкийн сүлжээгээр нийтэд цацагдсан. Энэ талаар тус сургуулийн нэгэн багш эцэг эхийн хурал хийх үеэрээ эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг хийх үүднээс ярьснаас дээрх мэдээлэл таржээ.

Уг мэдээллийн мөрөөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй ажиллагаа явуулан шалгахад энэ нь үндэслэлгүй, ташаа мэдээлэл болох нь тогтоогдсон байх бөгөөд тухайн хүүхэд гадуур олон хоног явснаа ээж, аавдаа хэлэхдээ “контейнерт хоригдсон” гэж худлаа ярьсан байсан тогтоогдсон байдаг. Тиймээс эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ тавих хараа хяналт хамгаас чухал гэдэг нь эндээс харагдаж буй юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close