, ,

Love


АЯЛАГЧДЫН ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ МОНГОЛ ОРНЫ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

Ажлын улирал “шувтарч”, амралт, аялал, зугаалгын улирал эхэллээ. Уудам Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой богинохон энэ улирлыг гэртээ суугаад өнгөрөөнө гэвэл дэндүү гунигтай биз. Тэгвэл гадаад, дотоодын аялагчиддаа зориулж, мөн аяллын маршрутад нь санал болгох нүд хужирлам үзэсгэлэнт газруудыг цувралаар танилцуулж байна. Харин хаагуур аялж, аль зүгт хүлгийн жолоо залах нь таны эрх билээ.

Тэрхийн цагаан нуур, хорго:

Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр бол гүн нь 70-80 метр. Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны дотор талын налуу нь 45-50 хэм аж. Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Ганц гол эх авч урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.

Хөвсгөл нуур:

Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Мөн Монголын болон гадаадын иргэдийн сүүлийн жилүүдэд хамгийн ихээр аялах болсон газруудын тэргүүн эгнээнд бичигддэг. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувь болно. Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг юм. Нэг очиж үзэсгэлэнт байгалийг нь харсан хүн дахин очихгүй байна гэж үгүй. Өө, тийм. Нууртай хамт сэльфи хийхээ мартуузай.

Алтай таван богд уул:

Алтай таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц гэж жуулчид ярьдаг. Энэ нь таван ноён оргилоос бүрддэгтэй нь холбоотой юм.

Увс нуур, Их нууруудын хотгор:

Увс нуур нь далайн төвшнөөс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Мөн Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд хагаст оршдог. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн байдаг. Уг нууранд аялахдаа хог, хаягдлаа зориулалтын саванд хийхийг сануулж байна.

Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг:

Аялагчдын төдийгүй түүхчид, археологичдын хамгийн их сонирхол татсан хэсэг. Мөн өнгөрсөн түүхийн үнэт олдвор. Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол Улсын нутгаас палеолитийн үеийн урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөөд энэ нь Монголд төдийгүй Төв Азийн хүй нэгдлийн урлагийн голомтод зүй ёсоор тооцогддог. Агуйн хананд ан амьтан, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Мөн заан, хирс, анааш зэрэг амьтдыг дүрсэлсэн байдаг бөгөөд зарим амьтныг чухам ямар амьтан болохыг одоогоор тогтоогоогүй байна. Агуйн хананы өндөр 2.5 метр аж.

Амарбаясгалант хийд:

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Манжийн төрийн бодлогоор буддын шашны нэгэн дурсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх үүднээс Манжийн хаан Энх-Амгалангийн зарлигаар Монголын төр шашны нэрт зүтгэлтэн анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулан 1727-1736 онд барьжээ.

Дуугардаг элс:

Марко Поло Төв азийн нутгаар жуулчилсан тухайгаа “Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсогдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг.

What do you think?

-1 points
Upvote Downvote

Total votes: 1

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 1

Downvotes percentage: 100.000000%

Leave a Reply

Дэлхийн 150 улсыг хамарсан WannaCry вирусны халдлагад Монголын компьютерууд өртжээ

АЗИУД ЯАГААД “ОНИГОР” НҮДТЭЙ ЮМ БОЛ?