Дэлхий дахиндОлны танил

Меланиа Трамп: Нөхөр минь намайг хамгийн шилдэг тэргүүн хатагтай гэж урамшуулдаг

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын “GQ” сэтгүүлд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Словениас гаралтай загвар өмсөгч бүсгүй Цагаан ордны эзэгтэй болоход зарим нэгэн таагүй хүлээн авсан. Харин та АНУ-ын тэргүүн хатагтай болохдоо бэлэн байсан уу?

-Би Цагаан ордонд ирээд урьдынхаасаа эрс өөр болсон. Нөхөртэйгөө Билл, Хиллари Клинтон нарын зохион байгуулсан хүлээн авалтад оролцохоор Цагаан ордонд анх хөл тавьсан юм. Тухайн үед өөрийгөө тэргуүн хатагтай болно гэж төсөөлөлд минь буухгүй байсан. АНУ-ын Тэргүүн хатагтай болсноос хойш нийгмийн сүлжээнд миний тухай янз бүрээр бичсэн. Гадаад төрх, хувийн амьдрал тэр ч байтугай англи хэлээр аялгатай ярьдаг гэж бичиж байлаа. Үнэнийг хэлэхэд Дональд Ерөнхийлөгчийн сонгуульд ялаагүй, би тэргүүн хатагтай болоогүй байхад манай гэр бүл Нью-Йоркт одоогийнхоосоо илүү аз жаргалтай амьдарч байсан. Би Нью-Йоркт харьцангуй тайван амьдарч байсан болохоор Цагаан ордны хүлээн авалт, үдэшлэг, улс дамнасан айлчлалд дасахад амаргүй байна.

-Дональд Трампын анхны гэргий өөрийгөө “Трампыг өсгөсөн” хэмээн тодорхойлдог. Мөн саяхан өөрийгөө АНУ-ын тэргүүн хатагтай гэж хошигносон нь танд нэгийг бодогдуулсан болов уу?

-Иванагийн энэ мэдэгдэл бусдын анхаарлыг өөртөө татах гэсэн оролдлого. Цагаан ордон АНУ- ын Ерөнхийлөгч Д.Трамп, тэргүүн хатагтай миний бие болон бидний хүү Бэрроний гэр. АНУ-ын тэргүүн хатагтай гэж дуудуулах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би энэ нэр хүндээ хамгаалах болно. Ивана бол Дональдын анхны эхнэр. Тэр Дональдыг АНУ-ын Ерөнхийлөгч болохыг ятгаж, Цагаан ордонд амьдрахыг хүсч байсныг би мэднэ. Хэдийгээр би түүний гурав дахь эхнэр ч АНУ-ын тэргүүн хатагтай шүү. Энд нэг зүйлийг хэлэхэд би нөхрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхэд дотроо дургүй байсан. Бид энэ талаар нухацтай ярилцаж, амьдралаа өөрчлөх чухал шийдвэрээ гаргасан. Нөхөр минь намайг хамгийн шилдэг тэргүүн хатагтай гэж урамшуулдаг.

-Таныг Цагаан ордны хуучинсаг хэв маягийг эрхэмлэдэг гэж сонссон юм байна?

-Цагаан ордны даамлууд энэ байшингийн өрөө бүр түүхэн утга учиртай болохыг надад тайлбарласан. Би Цагаан ордныг Жаклин Кеннедийн үеийнх шиг уламжлалт хэв маягаар хадгалахыг хүсдэг. Мөн Цагаан ордонд хүүхдийн төлөө буяны үдэшлэг зохион байгуулна.

-Та АНУ-ын тэргүүн хатагтай агсан Жаклин Кеннедийг олон талаар давтаж байх шиг санагддаг.

-Жаклин Кеннедийг дуурайх нь муу зүйл биш биз дээ. Надад Жаклины стилиэс илүүтэй дур булаам байдал, мэдрэмж нь таалагддаг. Тэр бол АНУ-ын түүхэн дэх хамгийн загварлаг тэргүүн хатагтай.

-Хүү Барроноо асрагчаар харуулдаггүй шалтгаан тань юу юм бэ?

-Хүүхдээ асарч, өсгөх нь ээжийн үүрэг. Би хүүгийнхээ живхийг хэн нэгнээр солиулахыг хүсээгүй учраас Барроныг төрсөн өдрөөс нь бие даан өсгөсөн. Сайн эзэгтэй, сайн ээж байхыг хичээдэг миний зан Дональдад таалагддаг.

-Нөхөртэйгөө танилцсан дурсамжаасаа хуваалцана уу?

-Би 1998 онд Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцох үеэрээ Дональдтай танилцсан. Тухайн үед Дональд Трамп гэж хэн болохыг мэддэггүй байлаа. Шоуны дараа Дональд намайг утасны дугаараа өгөхийг хүссэн юм. Би “Би дугаараа өгөх боломжгүй. Харин та холбоо барих утасны дугаараа үлдээгээрэй” гэсэн. Хэрвээ тухайн үед би дугаараа өгсөн бол түүний залгах ээлжит эмэгтэй нь болох байв. Би түүнийг ажлын өрөөний дугаараа үлдээнэ гэж бодож байлаа. Гэтэл Дональд хувийн утасны дугаараа үлдээсэн байсан.

-Танд Дональд Трамп анх ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?

-Ухаантай, хөдөлмөрч хүн шиг санагдсан. Түүний хийж бүтээсэн бүхэн өнөөдөр АНУ-д ямар нэгэн байдлаар ашигтай, хүмүүст хэрэгтэй зүйл болж байна. Би нөхрөө зорьсондоо хүрэх чадвартайг нь мэддэг учир бүх зүйлд дэмждэг. Дональд хийнэ гэсэн зүйлээ сайтар хянаж, ул суурьтай хийдэг онцлогтой. Хүмүүс Дональдыг бизнесмэн гэж хардаг. Харин би түүнийг өөрөөр хардаг. Дональд залуу сэтгэлгээтэй хүн.

-Та харь улсын иргэн байсан АНУ-ын анхны тэргүүн хатагтай. Америкийн иргэншилтэй болоод удаж байна уу?

-Би Трамптай гэр бүл болохоосоо өмнө АНУ-ын иргэн болсон. АНУ-ын иргэншилтэй болсноос хойш өдөр хоног яг л зүүд шиг өнгөрч байна. Гэхдээ би зүүдэндээ одоо бялуурч илүү өөр зүйлд, сайн үйлс, буяны болон боловсролын салбарт хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа. Өсвөр насандаа ийм амьдрал төсөөлөөгүй л явсан. Гэвч надад өгсөн бурхны бэлэг ямар нэг учир шалтгаантай байгаа гэдэгт итгэдэг болохоор амьдралынхаа шинэ зорилтыг тодорхойлсон.

-Та дунд сургуульдаа хөвгүүдийн хараа булаасан охин байсан уу?

-Сургуулийн хөвгүүд намайг “Араатан шиг нүдтэй’’ гэж шоолдог байсан. Тэр үед би загвар өмсөгч болно гэж зүүдэлж ч байгаагүй. Харин дизайнер болохыг хүсдэг байлаа.

-Танай нөхөр цагаачлалын асуудлыг цэгцэлж, АНУ-д дахиж цагаачдыг оруулахгүй байх. талаар хатуу үг хэлсэн. Та ч бас энэхүү хэсэгт багтаж болох байсан шүү гэж хааяа бодогдож байсан уу?

-Цагаачдын тухай би түүнтэй санал нийлдэг. Учир нь, АНУ цагаачийн эх орон биш болсон. Өмнө нь тийм байсан байж болно. Гэхдээ нийгэм ямар нэг зохион байгуулалттай, эзэн холбогдогчтой байх ёстой. Тэр ч үүднээс АНУ- ыг цагаачдаар дүүргэх Обамагийн бодлого буруу гэдгийг хэлмээр байна. Гэхдээ би түүний хийсэн бүхнийг шүүмжлэх гэсэнгүй. Таны асуусан асуултад л түүнийг оролцуулчихлаа. Цагаачид өнөөгийн нийгэмд олонхийг бүрдүүлэх ёсгүй. Дэлхийд бүгд л аль нэг улсын иргэн, ямар нэг ажил хөдөлмөр эрхэлдэг шүү дээ. АНУ эрх чөлөөний орон гэдэг ч над шиг хүнийг иргэнээ болгох асуудалд өөрсдөө ч санаа зовж байсан л байх. Тиймээс цагаачлалын асуудал дээр аюулгүй байдлаа давхар бодож хэлсэн гэж Дональдын үгийг хүлээн авч байгаа. Улс төр тоглоом биш гэдгийг ойр дотнынхон нь анх шийдвэр гаргахад нь сануулж байсан. Тэр хоёр сар бодсоны эцэст шийдвэрээ гаргасан.

Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close