КиноОлны танил

Д.Гүрсэд: Монголын хувь заяа дуусашгүй

“Мандухай сэцэн хатан”, “Саруул талын ерөөл”, “Говийн зэрэглээ”, “Их авхай”, “Ширүүн тулааны өмнө”, “Унаган хайр”, “Төрийн сүлд өршөө” гээд 150 гаруй дэлгэцийн болон театрын уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн түүний “Саруул талын ерөөл” киноны их зохиолч Д.Нацагдоржийн дүр нь их эрхэм санагддаг билээ. Дэлгэцийн урлагт олон сайхан дүрээ мөнхөлсөн тэрбээр нэг хэсэгтээ кино урлагаас холдсон юм.

Энэ хугацаанд тэрбээр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт, “Сэлэнгийн долгио” чуулгад найруулагчааар ажиллаж байсан аж. Сүүлийн жилүүдэд дэлгэцийн болон телевизийн олон ангит кинонд ухаарал хайрласан өвгөн буурлын дүрд тоглон үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж яваа Монгол Улсын гавъяат жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэд гуайтай уулзаж ярилцсан юм. Таалан болгооно уу.

“Цэцэн юм шиг тэнэг” дүр төрхийг харахаас дургүй хүрдэг

-Юуны өмнө танд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын 70 жилийн ойн мэндийг хүргэе. Та Хүүхэлдэйн театрт хэдэн онд ажиллаж байв. Мөн урлагт хөл тавьсан түүхээсээ хуваалцаач?

-Баярлалаа. Хүүхэлдэйн театртай миний ажил амьдралын 10 жил холбоотой байсан юм. 1988 онд “Мандухай сэцэн хатан” киноны ажил дуусч 1989 онд Соёлын яамны томилолтоор Хүүхэлдэйн театрт найруулагч, жүжигчинээр анх очиж байлаа. 1998 он хүртэл туслах найруулагч, жүжигчинээр ажиллаж байгаад 1998 онд  Соёлын яамны томилолтоор “Сэлэнгийн долгио” чуулгын найруулагчаар очсон. “Сэлэнгийн долгио” чуулгын дарга байсан н.Буян-Орших “Гүрээ ах манайд очиж нэг ажиллаж өгөөч” гэсэн хүсэлт тавиад, тэгээд л тухайн үеийн Соёлын яамны сайд Н.Энхбаяр /ерөнхийлөгч асан/ -ын гарын үсэгтэй томилолтын хуудсаар тэр сайхан нутагт очиж 12 жил ажилласан.

Урлагт хөл тавьсан түүх гэвэл 1969 онд Цэргийн албанд байхдаа гитардаад дуулчихдаг, шүлэг уншчихдаг байлаа. Цэргээс халагдаж ирээд Толгойтын 2-р цахилгаан станцад ажиллаж байсан чинь ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, алдарт жүжигчин Латиф, нэрт алиалагч Д.Энхээ нар урлагийн үзлэг хийхээр ирэхдээ “Гүрээ чи кино драмын ангид шалгалт өг” гэж хэлсэн.  Сүүлд  нь 1976 онд УБИС-ийн кино драмын ангид элсэлт өгч байхад 600 гаруй хүүхдээс тавд шалгарч үлдсэн.

Одоогийн Гавъяат жүжигчин С.Сарантуяа, “Говийн зэрэглээ” киноны захирал Хашхүүгийн дүрд тоглодог н.Эрдэнэтогтох, түүний эхнэр н.Долгорсүрэн, Эрдэнэжав бид хэд тэнцсэн. Тавуул УБДС-д орж Ардын жүжигчин доктор, профессор н.Мөнхдорж гэдэг хүний гараар өлгийдүүлж төгссөн. Ер нь Монголын бүх л мэргэжлийн урлагийн байгууллагуудад өнөөдрийг хүртэл томилолтоор ажиллаж хоолтойгоо, амьдралтайгаа явж байна.

Хүүхэлдэйн театрын хувьд хүүхдэд зориулсан уран бүтээл хийдэг газар шиг өнөөгийн хүмүүс ойлгоод байх шиг санагддаг. Үнэн чанартаа Хүүхэлдэйн театр том хүнд ч, хүүхдэд ч зориулсан уран бүтээл тоглодог Мэргэжлийн урлагийн байгууллагын нэг том биеэ даасан төрөл жанр, урлаг. ОХУ-д гэхэд Образцовын театр гээд томчуудад ч, хүүхдүүд ч тоглодог театр байна. Буриадад ч Хүүхэлдэйн театр нь мэргэжлийн бие даасан том урлаг болоод хөгжиж явна.

Хүүхэлдэйн театрын уран бүтээлийн хийц жанр нь хэтрүүлэл ба ёгтлол гэдэг зарчмаар янз бүрийн амьтнаар, хүнээр, хүүхэлдэйн олон төрлөөр уран бүтээл болгон үзэгчдэд хүргэж    туурвидаг том салбар. Хүүхэлдэйн театр 1947 онд байгуулагдсан цагаас Монголын үзэгчдэд тэр тусмаа Социализмын үед уран бүтээлээ илүү ихээр туурвиж байж.

Тухайн үеийн нийгмийн амьдралыг үзэл сурталын, нэг намын дарангуйлалын үе гэж ярьдаг ч гэсэн тэр үед монголын үзэгчдийг хүмүүжүүлэх үйл хэрэгтээ тодорхой амжилт олж байсан. Тухайн үеийн  Хүүхэлдэйн театраас төрж гарсан Монгол телевизэд ажиллаж байсан Чойжамц гуай, зохиолч Надмид, Монгол кино үйлдвэрт ажиллаж байсан Дамдинбазар гуай гээд Монгол улсын нэртэй, алдартай жүжигчид ч цөөнгүй бий.

Харамсалтай нь зах зээлийн нийгэмд шилжсэнээр Монгол орны нийгмийн байгуулалт өөрчлөгдөн шилжих энэ хугацаанд Монголын соёл урлаг бүтнээрээ хаягдсан гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр хоолоо олж идэх үү, урлагийн хөгжлийн төлөө хүчин зүтгэх үү гэж олон хүн оюун ухаанаа гашилгаж, их урлагийн төлөө, нийгмийн төлөө өөрийгөө золиослон ажиллаж амьдарч, үзэгчиддээ оюуны таашаал өгч явна.

Хүүхэлдэйн театрын дийлэнх уран бүтээл хүүхдэд зориулагддаг учраас хүүхдийн оюун санааны ертөнц, тэдний хэрэгцээг энэ театрын уран бүтээлчид маш сайн мэдэрдэг. 3-4 настай, 5-6 настай, 7-9 настай, 10-13 хүртэлх насны хүүхдийн анхаарал яаж төвлөрдөг вэ гэдгийг ч анддаггүй. Хамгийн гол нь тухайн уран бүтээлээр хүүхдэд яаж гоо сайхны хүмүүжил олгох вэ гэдэг асуудал нь эрдэм шинжилгээний лабораторийн хэмжээнд ажилладаг учиртай. Гэвч зах зээл эхэлсэнээс хойш төр засгийн удирдлагад байгаа урлаг удирдсан “малнууд” юу ч мэддэггүй гэдгээ баталлаа. Би “малнууд” гэж хэлмээр байна. 

-Арай л хатуу хэлэв үү?

-Яагаад ингэж хэлэв. Монгол Улс шиг урлагаа хөсөр хаясан улс орон энэ дэлхийд байхгүй. Орос гэхэд “Престройко”-Өөрчлөн байгуулалтаас үүдсэн шилжилтийн үед жаахан  ядарч явсан ч гэсэн өнөөдөр урлагийнхаа бүх төрлийг төрөөсөө санхүүжүүлдэг. Төрөөсөө уран бүтээлчдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд бүх л анхаарлаа тавьж байна. Мосфильм 90- ээд онд уналталд орсон ч өнөөдөр тайз, тоглолтын павильон ямар сайхан болсон байна. Гэтэл Монголын кино үйлдвэрийн хоёр павильон ямар янзтай харагдаж байна.

Зах зээлийн шилжилтийн үед хүүхдийн гэсэн тодотголтой бүгдийг булааж, энэ луйварчид хувааж идсэн гэж би хэлнэ. Хүүхдийн нэртэй  кино театр хүртэл байсан. Одоо бүгдийг нь хувьчлаад авчихсан. Ингээд бодохоор Монголын төр засгийн эрхэнд байсан нөхдүүд гадны бүхнийг сайн гэж худлаа хуулбарлан дууриаж ярьдагт нь өнөөдөр тэдний “Цэцэн юм шиг тэнэг” дүр төрхийг харахаас миний дургүй хүрдэг. 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close